КОНСУЛЫН МЭНДЧИЛГЭЭ

2023-05-29


Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консулын газрын цахим хуудсанд зочилж буй эрхэм Таны энэ өдрийн амар амгаланг айлтгая.

Монгол Улсын гадаад бодлогын гуравдагч хөрш болсон БНСУ нь манай улстай түүх, соёлын олон зуун жилийн хэлхээ холбоотой билээ. Газарзүйн байрлалаар Солонгосын хойгийн зүүн өмнөд хэсэгт байрлах Пусан хотод суугаа Консулын газрын консулын тойрогт Өмнөд Кёнгсан, Умард Кёнгсан, Өмнөд Чолла муж болон Пусан, Дэгү, Гуанжү, Улсан зэрэг бие даасан хотууд багтдаг.

Манай Консулын газрын эрхэм зорилго бол Монгол Улс, БНСУ-ын хооронд найрсаг харилцааг хөгжүүлэх, иж бүрэн түншлэлийн харилцаагаа бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулах, эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан-технологи, соёл, хүмүүнлэгийн харилцаа, аялал жуулчлалыг өргөтгөхөд дэмжлэг үзүүлэх, консулын тойрогт оршин суудаг Монгол иргэд болон аж ахуйн нэгжүүдийн эрх ашиг, ашиг сонирхлыг хамгаалах, улсын иргэний бүртгэл, нотариатын үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэх, шаардлагатай мэдээ, мэдээллээр хангахад оршино.

Тус Консулын газрын цахим хуудаснаас Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал, гадаад иргэдийн талаархи БНСУ-ын хууль тогтоомжийн тухай холбогдох мэдээлэл, Монгол-Солонгосын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай болон Консулын газрын үйл ажиллагааны талаарх мэдээ мэдээллийг хүлээн авах, Монгол Улсад зорчих виз, консулын үйлчилгээ үзүүлэх журамтай танилцах боломжтой.

Бид харьяалах тойргийн нутаг дэвсгэрт ажиллаж, амьдарч буй Монгол иргэдийнхээ  үүсгэн санаачилсан төрийн бус байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, Та бүхний санал, санаачлагыг ямагт дэмжин ажиллах болно.

Манай цахим хуудсанд зочлон саатсан Танд Консулын газрын хамт олныхоо өмнөөс болон хувиасаа талархал илэрхийлж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Монгол улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консулын газрын тэргүүн,

Консул Цэнгэлт овгийн Цогтоогийн Өнөрзаяа