Хоёр улсын харилцаа
2023-06-13
“Сайн хөршийн, найрамдал, хамтын ажиллагааны түншлэл” /2006 онд БНСУ-ын Ерөнхийлөгч Но Мү Хений Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр тунхагласан/
“Иж бүрэн түншлэл” /2011 онд БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Мен Баг-ийн Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр тунхагласан/
“Стратегийн түншлэл” /2021 онд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нарын дээд түвшний цахим уулзалтын үеэр гаргасан “Хамтарсан тунхаглал/
Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа өнгөрсөн 32 жилийн турш хэлбэрэлтгүй урагшилж, эдүгээ “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүрээд байна.
Монгол Улс, БНСУ-ын харилцаа, хамтын ажиллагаа 1999 онд “XXI зууны харилцан бие биеэ нөхсөн хамтын ажиллагаа”, 2006 онд БНСУ-ын Ерөнхийлөгч Но Мү Хений Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр “Сайн хөршийн найрамдалт хамтын ажиллагааны түншлэл”-ийн харилцаа, 2011 онд БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Мён Баг-ийн айлчлалын үеэр “Иж бүрэн түншлэл”-ийн харилцааг тунхагласан.
Хоёр улс “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаанд тулгуурлан улс төр, худалдаа, эдийн засаг, соёл, аялал жуулчлал, боловсрол, хүмүүнлэгийн зэрэг өргөн хүрээтэй салбарт болон бүс нутаг, олон улсын тавцанд нягт хамтран ажиллаж ирсэн. “Иж бүрэн түншлэл”-ийн харилцааг шат ахиулан “Стратегийн түншлэл”-ийн түвшинд дэвшүүлэн хөгжүүлэх саналыг БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин манай талд тавьсан. 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр болсон 2 улсын төрийн тэргүүн нарын дээд түвшний цахим уулзалтаар Монгол Улс, БНСУ-ын харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь манай хоёр улс төдийгүй бүс нутаг, олон улсын энх тайвныг бэхжүүлж, тогтвортой хөгжлийг хангахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт санал нэгдэж, хоёр улсын харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд шат ахиулан хөгжүүлэхээр тохирсон. Цаашид хоёр улсын “Стратегийн түншлэл”-ийн харилцаанд тулгуурлан улс төр, аюулгүй байдал; худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засаг; боловсрол, шинжлэх ухаан технологи, байгаль орчин, эрүүл мэнд; соёл, аялал жуулчлал, иргэдийн харилцаа; бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагаа гэсэн 5 тулгуур чиглэлд хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн өргөжүүлэхээр тогтсон.