images

КОНСУЛЫН ГАЗРЫН САНААЧИЛГААР “COLLABRATION IN THE AGE OF AI” СЭДВИЙН ДОР ПУСАН ХОТНОО “ОЛОН УЛСЫН СУРАГЧДЫН ФОРУМ-2026” АРГА ХЭМЖЭЭНД ТӨВ АЙМГИЙН 4-Р СУРГУУЛИЙН СУРАГЧИД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.

Үйл явдлын мэдээ

2026-08-10

1

Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консул Ц.Жадамбаа Пусан хотын Боловсролын газраас зохион байгуулсан “Олон улсын сурагчдын боловсролын форум 2026” арга хэмжээнд оролцож мэндчилгээ дэвшүүлэв.

Пусан хотын боловсролын газарт Консулын газраас хүсэлт тавьсны үндсэн дээр энэ удаагийн тус форумд Монгол улсаас анх удаагаа Төв аймгийн Зуунмод сумын 4-р сургуулийн 10 сурагч 2 багшийн хамт тус арга хэмжээнд амжилттай оролцлоо.

Энэхүү форум нь олон улсын ахлах сургуулийн сурагчид тус тусын үндэсний соёл уламжлалаа сурталчлан таниулахын зэрэгцээ, экологийн тулгамдаж буй асуудал, хиймэл оюун ухааны хэрэглээ гэх зэрэг өгөгдсөн сэдвүүдээр илтгэл танилцуулан, нөхөрсөг өрсөлдөөнөөр дамжуулан олон орны сурагчид танилцан нөхөрлөж, туршлага солилцох зорилготой юм.

Энэ удаагийн тус форумд Монгол, Солонгос, Япон, Хятад, Индонези, Малайз, Вьетнам улсын сурагчид оролцсон олон улсын өндөр зэрэглэлийн форум болж өндөрлөлөө.

Монгол улсаас оролцсон Төв аймгийн 4-р сургуулийн сурагчдын бэлтгэсэн цаг уурын өөрчлөлтөд AI-н гүйцэтгэх үүргийн талаар Монгол орны уур амьсгалын өөрчлөлтийг тусган бэлтгэсэн илтгэл оролцогчдын анхаарлыг татсан онцлог илтгэл байлаа.

Тус Консулын газрын зүгээс энэхүү олон улсын арга хэмжээнд жил бүр Монгол улсаас сурагчдыг оролцуулах асуудлыг холбогдох байгууллагад дахин уламжилж, хамтран ажиллахаар төлөвлөж байна.