images

МОНГОЛ УЛСААС БНСУ-ын ПУСАН ХОТОД СУУГАА КОНСУЛЫН ГАЗРЫН 10 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭХ ХҮРЭЭНД “ДӨРВӨН БЭРХ” ҮНДЭСНИЙ ХАВРЫН БАЯР НААДМЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Үйл явдлын мэдээ

2026-02-27

17

Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консулын газар байгуулагдсаны 10 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд, Монголын үндэсний “Цагаан сар” баярыг тохиолдуулан хариуцсан консулын тойргуудийг хамарсан “Дөрвөн бэрх” хаврын наадмыг 2026 оны 2-р сарын 14-ний өдөр Пусан хотноо өргөн хүрээнд зохион байгууллаа.

Энэхүү наадам нь “Шагайн харваа”, “Дөрвөн бэрх” гэсэн хоёр үндсэн хэсгээс бүрдэж Монголын түүх, соёл, өв уламжлал, урлаг, ёс жаяг, наадгайг гадаадын иргэдэд сурталчлан таниулах, БНСУ-ын Өмнөд бүсэд оршин суугаа монгол иргэдийн эв нэгдлийг бэхжүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа сэргээн бэхжүүлж хүүхэд, залуучуудад өвлүүлэх зорилготой байв.

 

 

”Дөрвөн бэрх” тэмцээнд БНСУ-ын өмнөд бүсийн Кимхэ хотын “Адуучин”, Чангвон хотын “Хоньчин”, Гванжу хотын “Ямаачин”, Үльсан хотын “Тэмээчин” багууд бэлтгэл сайтай, идэвхтэй оролцож авхаалж самбаа, мэдлэг авъяасаа сорин нөхөрсөг, хөгжилтэй уур амьсгал дор болов.

”Дөрвөн бэрх” тэмцээнийг монгол ахуй, зан заншил, ёс жаягийг сэргээн таниулах асуулт-хариулт, сээр цохих, шагай шүүрэх, үндэсний тоглоом, ардын зан үйл, түүх зэргийг багтаасан есөн үетэйгээр зохион байгуулав.

 

”Шагайн харваа” тэмцээнд Чонжү, Гванжу, Чонан, Сөүл, Инчон хотуудын 6 баг оролцож хурц мэргэнээрээ өрсөлдөв.

 Тэмцээнүүдийн завсарлагаар сугалааны азтан тодруулж, хүүхдүүдийн дунд уран уншлагын тэмцээн, үзэгчдийн дунд Монгол зан заншилтай холбоотой асуулт хариултын тэмцээн зохион байгуулж шалгарсан хүүхэд, иргэдэд шагнал, гарын бэлэг гардуулж урамшуулав.

 Консулын газраас “Дөрвөн бэрх”, “Шагайн харваа тэмцээнүүдийн эхний 3 байр эзэлсэн багийн гишүүдэд алт, мөнгө, хүрэл медаль, батламж, мөнгөн шагнал гардуулав.

 Арга хэмжээнд ON Television, Global News Times зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид оролцож, сурвалжлага хийн ярилцлага авч Монгол үндэсний баяр, уламжлалтын талаар БНСУ-ын олон нийтэд түгээв.

Арга хэмжээнд гадаад, дотоодын 300 гаруй иргэд оролцож үзэж сонирхов.