ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН МӨР ОЛДСОН ДИНОЗАВРИЙН НУТАГ БОЛОХ ГУСОН СУМТАЙ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЧИГЛЭЛЭЭР ХАМТЫН АЖИЛЛАГАА ЭХЛҮҮЛЭНЭ.
Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консул Ц.Жадамбаа Өмнөд Кёнгсан мужийн Гусон сумын засаг дарга И Сан Гынтай уулзалт хийв. Уулзалтад Гусон сумын Аялал жуулчлалыг дэмжих хэлтсийн дарга Дун Сын Гын, Нунхёб банкны Гусон салбарын захирал Ким Мү Сон болон Консулын газрын албан хаагчид оролцов.
Уулзалтын үеэр засаг дарга И Сан Гын Гусон суманд жил бүр зохион байгуулагддаг “Үлэг гүрвэлийн экспо”-д ирэх жилээс Монгол Улсын үлэг гүрвэлийн олдворыг дэлгэн танилцуулах хүсэлтээ илэрхийлэв.

Консул Ц.Жадамбаа урилгыг хүлээн авч, хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд Монгол Улсын Өмнөговь аймгийн Гурвантэс сум болон Гусон сумын хооронд хамтын ажиллагааг дэмжин ажиллахаа мэдэгдэв.
Мөн энэ үеэр Консул Ц.Жадамбаа Нунхёб банкны Гусон салбарын захирал Ким Мү Сон-той уулзаж Монгол Улсад ухаалаг фармын систем нэвтрүүлэх болон Гусон сумын өндөр чанарын цагаан будааг нийлүүлэх боломжийн талаар санал солилцов.
Гусон сум нь үлэг гүрвэлийн чулуужсан мөр бүхий аялал жуулчлалын онцгой бүс бөгөөд Консул Ц.Жадамбаа тус суманд
зохион байгуулагдаж буй “Үлэг гүрвэлийн экспо”-той танилцлаа.