“МОНГОЛЫН КИНО ӨДӨР”-н ЦАР ХҮРЭЭГ ӨРГӨТГӨЖ, ПУСАН ХОТЫН ОЛОН НИЙТИЙН БОЛОН КАБЕЛИЙН ТВ-ЭЭР МОНГОЛ КИНО ГАРГАЖ, КИНО УРЛАГ, СОЁЛОО СУРТАЛЧИЛНА.
Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан, Кино урлагийн зөвлөл, Ажлын албаны дарга Ч.Ундрал, КУЗАА-ны Захиргаа, санхүүгийн газрын дарга А.Энхнаран, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны мэргэжилтэн С.Хэрлэн, КУЗАА-ны Гадаад арга хэмжээ, хамтын ажиллагаа хариуцсан ажилтан Э.Сударчулуун нарыг Консул Ц.Жадамбаа КГ-ын байранд хүлээн авч уулзав.
Уулзалтаар Монгол кино урлагийг Пусан хотын үзэгчдэд түгээн дэлгэрүүлэх, соёлын харилцан солилцоог өргөжүүлэн, үзэгчдийн хүрээг нэмэгдүүлэх болон тус арга хэмжээг жил бүр оноосон сэдвийн хүрээнд зохион байгуулах асуудлаар санал солилцов.
Мөн Монгол Улс болон БНСУ-ын хооронд Дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой, мөн тус КГ-ын байгуулагдсаны 10 жилийн ойн хүрээнд 2026 оны “Монголын Кино Өдөр” арга хэмжээг өргөн хүрээнд 4-6 дугаар сарын хооронд зохион байгуулах. Кино урлагаар дамжуулан соёл, түүхийг сурталчлах ажлын хүрээнд “Монголын Кино Өдөр”-өөр үзэгчдийн хүртээл болсон кино, уран бүтээлийг БНСУ-ын телевизээр гаргах гэх мэт арга хэмжээг төлөвлөн ажиллаж байгаа талаар Консул Ц.Жадамбаа онцлон, соёлын харилцааг хөгжүүлэх чиглэлээр цаашид идэвхтэй хамтран ажиллахаар талууд санал нэгдэв.
30 дах удаагийн Пусаны Олон улсын кино наадамд оролцсон Монголын Кино Урлагийн Зөвлөл энэ удаагийн наадамд Монголоос 4 кино төслийг олон улсад танилцуулахийн зэрэгцээ Олон улсын үзэсгэлэнд амжилттай оролцлоо. Энэхүү арга хэмжээнд тогтмол оролцсоноор Монголын Кино урлагийн салбар олон улсад танилцуулагдах улмаар Монгол орныг чиглэсэн уран бүтээлчид, хөрөнгө оруулагчдын тоо өсөн нэмэгдэх бодит үр дүн гарах юм.