ХОДООДНЫ ДУРАНГИЙН ХАГАЛГАА, ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ЧИГЛЭЛД ЭМЧ, МЭРГЭЖИЛТЭН МЭРГЭШҮҮЛЭХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
Пусан хотод үйл ажиллагаа явуулдаг Busan Mirae IFC Medical Center эрүүл мэндийн оношилгоо, шинжилгээний төвийн дарга Пэг Сын Хёгтай тус төвийн байранд Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консул Ц.Жадамбаа албан уулзалт хийв.
Энэхүү төвийн захирал Пэг Сын Хёг нь Ёнсэ их сургуулийн Севиранс эмнэлэгт профессоор ажиллаж байсан бөгөөд ходоодны дуран хагалгаагаар мэргэшсэн их эмч юм.
Өөрийн эзэмшсэн мэргэжлийн чиглэлээр Монгол улсын эрүүл мэндийн салбарын ижил төрлийн мэргэжил нэгт эмч нарыг мэргэшүүлэх, дадлагажуулах, орчин үеийн технологийн хэрэглээг зааж сургах чиглэлд хамтран ажиллах талаар тавьсан Консулын саналыг хүлээн авч ажил хэрэг болгон хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Мөн Монгол Улсын эрүүл мэндийн салбарын 1000 эмч, мэргэжилтнийг БНСУ-д богино, дунд хугацааны мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах хөтөлбөрийн талаар танилцууллаа.
Тус төвийн зүгээс энэхүү хөтөлбөрийг БНСУ-д хэрэгжүүлэхэд бүхий л талаар дэмжин хамтран ажиллахаа илэрхийллээ.