images

ЦАХИЛГААН ШАТ ҮЙЛДВЭРЛЭЛ, СУРГАЛТ, ХЯНАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР ХАМТЫН АЖИЛЛАГАА ӨРНҮҮЛЭХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО

Үйл явдлын мэдээ

2025-08-15

17

Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консул Ц. Жадамбаа Өмнөд Кёнгсан мужийн Олон улсын харилцаа, худалдааны газрын дарга Ким Мин Гю-г хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр Ким Мин Гю дарга, Өмнөд Кёнгсан мужийн Кочан хотод байрлах цахилгаан шатны аж үйлдвэрийн цогцолборын талаар танилцууллаа. Тус цогцолборт цахилгаан шат болон эд анги үйлдвэрлэдэг 31 аж ахуйн нэгж, Цахилгаан шатны аюулгүй байдал, туршилт шинжилгээний газар, Цахилгаан шатны их сургууль, цахилгаан шат үйлдвэрлэгчдийн холбоо зэрэг үйлдвэрлэл, судалгаа, боловсролын бүх түвшний байгууллагууд төвлөрөн байрладаг байна.

Тэрээр Монгол Улстай цахилгаан шатны үйлдвэрлэл, судалгаа болон боловсролын салбарт харилцан туршлага солилцох, хамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцов.

 Консул Ц. Жадамбаа энэхүү санаачилгыг дэмжиж, холбогдох байгууллагуудад уламжлан ажиллахаа илэрхийлээд, Кочан хотын цахилгаан шатны үйлдвэр, судалгааны байгууллагуудын үйл ажиллагаатай газар дээр нь танилцах сонирхлоо мөн илэрхийлэв.

Мөн Өмнөд Кёнгсан мужийн захирагч Пак Ван Сү 2025 оны 9 дүгээр сарын 18-19-ний өдрүүдэд Монгол Улсад хийх албан айлчлалын үеэр дээрх асуудлын хүрээнд холбогдох албан хаагчидтай уулзалт зохион байгуулах талаар санал солилцлоо.