ӨӨРӨӨСӨӨ ДАВЖ БУСДАД ТУСЛАДАГ МОНГОЛ ИРГЭДДЭЭ ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ.
2025 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консулын газраас энэ оны 7 дугаар сарын 12-нд Өмнөд бүсийн хэмжээнд зохион байгуулагдсан “Монголоороо гоёцгооё” наадмыг амжилттай зохион байгуулсан ажлын хэсгийн гишүүдийг хүлээн авч, хүрэлцэн ирсэн төлөөллүүдэд Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консул Ц.Жадамбаа Талархал гардууллаа.
Энэхүү арга хэмжээ нь Монгол Улс, БНСУ хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойд зориулан, БНСУ-д оршин суугаа Монгол иргэдийн эв нэгдлийг бэхжүүлэх, эх орны түүх, соёл, уламжлалыг түгээн дэлгэрүүлэх зорилготой зохион байгуулагдсан юм. Уг арга хэмжээнд БНСУ-ын Өмнөд бүс нутгийн муж хотуудаас 3,000 орчим иргэн хүрэлцэн ирж оролцсон бөгөөд үндэсний бөхийн барилдаан, сурын харваа, шагайн харваа, хүүхдийн наадам, урлагийн тоглолт зэрэг арга хэмжээг зохион байгуулсан.
Консулын газар болон ажлын хэсгийн гишүүд олон сарын туршид зохион байгуулалтын бүх шатны ажлыг төлөвлөж, ивээн тэтгэгч байгууллага, уран бүтээлчид, сайн дурынхан, орон нутгийн байгууллагуудтай хамтран ажилласны үр дүнд арга хэмжээг амжилттай зохион байгуулсан билээ.
Цаашид Консулын тойрог дахь Төрийн бус байгууллага, холбоод, иргэдтэйгээ Консулын газар тогтмол хамтран ажиллаж, эх орноосоо хол оршин суугаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, чөлөөт цагийг нь зөв боловсон өнгөрүүлэх, хувь хүний хөгжлийг дэмжих чиглэлийн олон ажлыг хамтран хийхээр санал солилцлоо.