МОНГОЛЧУУДЫН ТББ, ХОЛБООДЫГ ДЭМЖИН АЖИЛЛАДАГ БНСУ-ЫН ИРГЭН, ТББ-ЫН ТӨЛӨӨЛЛҮҮДЭД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ.
Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консул Ц.Жадамбаа Монголчуудын Эв нэгдэл холбоог дэмжиж, хамтран ажилладаг БНСУ-ын Үльсан хотын Католик сүмийн хариуцагч санваартан Ча Кван Жүн, “Дэлхийн хүнээс хүнд” төрийн бус байгууллагын тэргүүн Хуан Ги Хёг нарыг хүлээн авч уулзан, Монгол иргэдэд чиглэсэн хүмүүнлэгийн үйл ажиллагаанд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж, Талархалын бичиг гардуулав.
Санваартан Ча Кван Жүн нь 2015 оноос хойш “Гэрэл ба давс” аяны хүрээнд хууль бусаар оршин суугаа Монгол иргэдийн эрүүл мэнд болон нийгмийн халамжид чиглэсэн дэмжлэг үзүүлэн, өнөөг хүртэл нийтдээ 100 орчим сая воны тусламж үзүүлээд байна.
Харин “Дэлхийн хүнээс хүнд” ТББ нь 2003 оноос эхлэн гадаад иргэдэд зориулсан үнэ төлбөргүй аялал зохион байгуулж, 2015 оноос хойш Үльсан хотод зохион байгуулагдсан Монголчуудын баяр, спортын арга хэмжээг тогтмол дэмжиж ирсэн байна.
Эдгээр санаачилгыг үр дүнтэй хэрэгжүүлж, холбогч үүрэг гүйцэтгэдэг “Эв Нэгдэл” холбоо нь Монгол иргэд рүү чиглэсэн олон талт үйл ажиллагаа явуулж, БНСУ-ын байгууллагуудтай хамтран нийгмийн эмзэг бүлэгт чиглэсэн тусламжийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна.