МОНГОЛ КАШМЕРИЙГ СУРТАЛЧИЛАН ТАНИУЛАХ ОЛОН УЛСЫН АРГА ХЭМЖЭЭГ ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛАХААР ТОХИРОЛЦЛОО.
Консул Ц.Жадамбаа БНСУ-ын Өмнөд Кёнсан мужийн Гадаад иргэдийг дэмжих төвийн зөвлөх Н.Мөнхзаяа болон “Торгоны замын тэмээ” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал Ч.Халиун нарыг хүлээн авч уулзав.
Уулзалтаар 2025 оны 10 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд БНСУ-ын Чангвон хотод 20 дахь удаагаа зохион байгуулагдах МАМФ олон улсын соёлын фестивальд Монгол Улсын үндэсний үйлдвэрлэл, ноос ноолууран бүтээгдэхүүнийг сурталчлан оролцуулах талаар санал солилцлоо.
МАМФ Олон улсын соёлын фестиваль нь 2005 оноос хойш жил бүр зохион байгуулагдаж байгаа бөгөөд 2025 оны наадамд 21 улс оролцохоор төлөвлөгдөж байгаа бөгөөд Монгол Улс гол орноор оролцохоор сонгогдсон юм. Энэхүү наадам нь зөвхөн соёлын арга хэмжээ зохион байгуулахаас гадна 2024 оноос эхлэн аж ахуйн нэгжүүдийн бараа бүтээгдэхүүнийг сурталчлах, улс хоорондын бизнесийн харилцааг хөгжүүлэх зорилготой “B2B” арга хэмжээг хамтатган зохион байгуулж эхэлсэн юм.
“Торгоны замын тэмээ” ТББ нь олон улсын арга хэмжээнд тогтмол оролцож ирсэн туршлагатай байгууллага бөгөөд уг арга хэмжээнд 60-70 хүний бүрэлдэхүүнтэй оролцохоор төлөвлөж буйгаа илэрхийлж, үндэсний хувцас загварын үзүүлбэр зохион байгуулах, мөн “Хан Богд”, “Бодио”, “Гоёл”, “Эвсэг” зэрэг үндэсний ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниудыг “B2B” арга хэмжээнд оролцуулах хүсэлтээ Консул Ц.Жадамбаад уламжлав.
Уулзалтын үеэр БНСУ-ын Өмнөд Кёнсан мужийн Гадаад иргэдийг дэмжих төвийн Зөвлөх Н.Мөнхзаяа МАМФ олон улсын соёлын фестивалийн ач холбогдлын талаар дэлгэрэнгүй танилцуулж, Торгоны замын тэмээ ТББ-ын хамт олныг тус фестивальд оролцуулахтай холбоотой асуудалд дэмжин ажиллахаа илэрхийлэв.