ҮНДЭСНИЙ АЗИЙН СОЁЛЫН ТӨВТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛЖ, МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ТҮҮХ ДУРСГАЛЫГ ОРЧИН ҮЕИЙН ЧИГ ХАНДЛАГААР ХӨГЖҮҮЛЭХ ТӨСЛИЙГ ДЭМЖИН АЖИЛЛАНА.
БНСУ-ын Үндэсний Азийн Соёлын Төвөөс “Соёлын нөөцийн менежмент ба ашиглалт” сэдэвт ODA олон улсын форумыг Гуанжү хотод зохион байгуулагдлаа.
Форумын нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консул Ц.Жадамбаа оролцож, нээлтийн үг хэлэв. Тэрбээр тус форумыг санаачлан зохион байгуулсан Үндэсний Азийн Соёлын Төвийн удирдлага, хамтран ажилласан байгууллагуудад талархал илэрхийлж, ACC ODA төслийн үр өгөөж, ач холбогдлыг онцлон тэмдэглэлээ.
Мөн тэрбээр Монгол Улсад хэрэгжиж буй “Соёлын нөөцийн нэгдсэн дижитал удирдлагын системийн төсөл” нь соёлын өвийг хамгаалах, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж буйг дурдахын зэрэгцээ уг төсөл нь хоёр орны итгэлцэл, найрсаг харилцааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэж онцлов.
Форумд Монгол Улс, БНСУ, Киргизстан, Лаос зэрэг улсуудаас төлөөлөгчид оролцож, нийт 10 илтгэл хэлэлцсэн бөгөөд Монгол Улсаас Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Н.Мөнхзул “Монголын дижитал соёлын нөөцийн сорилт болон ирээдүй” сэдвээр илтгэл тавьсан юм.
Консул Ц.Жадамбаа форумын үеэр хоёр орны соёлын хөгжил болон Азийн бүс нутгийн тогтвортой хөгжилд чиглэсэн хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө Үндэсний Азийн Соёлын Төвтэй нягт хамтран ажиллаж, бүхий л бололцоогоо дайчлан ажиллахаа илэрхийлж, форумыг зохион байгуулсан нийт хамт олонд амжилт хүслээ.