КЁНСАН ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛЬД ЗОЧИЛЖ МОНГОЛ ОЮУТНУУДТАЙГАА УУЛЗАН ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХИЙН ЗЭРЭГЦЭЭ САНАЛ ХҮСЭЛТИЙГ НЬ ХҮЛЭЭН АВЛАА.
Консул Ц.Жадамбаа Кёнсан Үндэсний Их Сургуулийн байранд зочлон тус сургуулийн хэлний бэлтгэл, магистр болон докторын зэргээр суралцаж буй Монгол оюутнуудтай уулзалт хийв.
Уулзалтын эхэнд Консул Ц.Жадамбаа оюутнуудтай чөлөөт ярилцлага өрнүүлж, тэдний сурч амьдарч буй нөхцөл байдал, санал хүсэлтийг сонсон, цаашид анхаарах хэд хэдэн асуудлыг хөндөн ярилцав.
Тэрээр БНСУ-д суралцаж буй Монгол оюутнуудын дунд Судалгааны зөвлөл байгуулах хэрэгцээ, ач холбогдлын талаар онцлон тэмдэглэж, энэхүү зөвлөл нь Монгол Улсын хөгжлийн бодлоготой уялдсан нарийн чиглэлийн судалгааны ажлуудыг гүйцэтгэх, тэдгээрийг холбогдох байгууллагуудад хүргэх боломжийг бүрдүүлэх, улмаар ирээдүйн чадварлаг хүний нөөцийг бэлтгэх суурь болохыг дурдав.
Мөн БНСУ-д урт хугацаагаар суралцаж буй оюутнуудын дунд сэтгэл зүйн дарамтад орох, мэдээлэлгүйгээсээ болж санаандгүйгээр гэмт хэрэгт холбогдох эрсдэл гарч байгааг онцлон тэмдэглэж, оюутнуудыг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд мэдээлэлтэй, хариуцлагатай байхыг зөвлөв. Энэ хүрээнд оюутнуудын дунд “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай” сургалтыг зохион байгуулж, анхаарал болгоомжгүй үйлдлээс хэрхэн сэргийлэх, хуулийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, мөн шаардлагатай тохиолдолд Консулын газрын шуурхай утсанд холбогдон зөвлөгөө, тусламж авах боломжтойг танилцууллаа.
Оюутнууд энэхүү уулзалтаар дэвшүүлсэн Судалгааны зөвлөл байгуулах санаачилгыг бүрэн дэмжиж, хамтран ажиллах, хувь нэмрээ оруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн бол цагийн ажил хийх зөвшөөрөл болон ажиллах цагийн зохицуулалтыг хөндөж, уг асуудлыг холбогдох байгууллагад уламжлахыг хүслээ.
Консул Ц.Жадамбаа тус улсад төрсөн болон удаан хугацаагаар амьдарч, суралцаж буй хүүхэд, залууст чиглэсэн нэмэлт үйлчилгээ, сургалтын хөтөлбөрийн төрлийг нэмэгдүүлэх, оюутнуудын ажиллах цагийг нэмэгдүүлэх чиглэлээр санаачилга гарган ажиллаж буйгаа танилцуулж, холбогдох албаны хүмүүст албан ёсоор санал хүргүүлсэн талаар мэдээлэв.
Уулзалтын төгсгөлд Консул Ц.Жадамбаа харь орны соёлд дасан зохицож, гэр бүл, эх орноосоо алс газар хичээн суралцаж буй оюутнуудын хүчин чармайлтыг үнэлж буйгаа илэрхийлээд, сургуулиа төгсөөд, эзэмшсэн мэдлэг чадвараа эх орныхоо хөгжилд зориулахыг уриалан, амжилт хүсэв.