ПУСАН ХОТОД АМЬДАРЧ БУЙ МОНГОЛ ИРГЭДИЙН АМЬДРАХ ОРЧИН БОЛОН ЦАГААЧЛАЛЫН ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ САЙЖРУУЛАХ ТАЛААР ХАМТРАН АЖИЛЛАХААР ТОХИРОЛЦЛОО.
Консул Ц.Жадамбаа Пусан хотын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Со Жи Ён-той уулзалт хийж, Пусан хотод суралцаж, ажиллаж, амьдарч буй Монгол иргэдийн амьдрах орчин, цагаачлалтай холбоотой асуудлын талаар ярилцав.
Уулзалтын үеэр Консул Ц.Жадамбаа Пусан хотод оршин сууж буй Монгол иргэдийн эрх зүйн орчныг сайжруулах талаар тодорхой саналууд дэвшүүлж, эдгээр саналыг үндэслэн төлөөлөгч Со Жи Ён цаашид тус асуудлыг хариуцан ажиллана гэдгээ илэрхийлэв.
Талууд боловсрол, эрүүл мэнд, аялал жуулчлалын чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх, Улаанбаатар хот болон Пусан хотуудын хоорондын харилцааг хөгжүүлэх, харилцан хотоо сурталчлах хөтөлбөр хэрэгжүүлэх асуудлаар санал солилцлоо.
Түүнчлэн Консул Ц.Жадамбаа УИХ-ын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Ц.Баатархүүгээс ирүүлсэн Улаанбаатар хотод Пусан хотын нэрэмжит гудамж байгуулах төслийг танилцуулж, энэхүү саналыг Пусан хотын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд албан ёсоор уламжилсныг онцлон дурдав. Тэрээр энэхүү санаачилга нь хоёр хотын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна хэмээн онцолж, төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллахыг хүсэв.
Төлөөлөгч Со Жи Ён уг саналыг таатайгаар хүлээн авч, хэрэгжүүлэх боломжийг судлан, дэмжиж ажиллахаа илэрхийлэв.