КОНСУЛЫН ТОЙРОГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БУЙ АЗИЙН АВАРГЫН ТЭМЦЭЭНД ОРОЛЦОЖ БУЙ МОНГОЛ ТАМИРЧИДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЖ, НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦЛОО.
2025 оны 5-р сарын 27-ны өдөр “The Dream of Asia, from Gumi to the World” буюу “Дэлхийд хүрэх Азийн мөрөөдөл – Күмигээс эхлэлтэй” уриан дор Азийн 26 дахь удаагийн Хөнгөн Атлетикийн Аварга шалгаруулах тэмцээн Бүгд Найрамдах Солонгос Улсын аугаа удирдагч Пак Жөн Xыйгийн төрсөн нутаг болох Күми хотод ёслол төгөлдөр эхэллээ. Уг тэмцээн 2025 оны 5 дугаар сарын 27-ноос 31-ний өдрүүдэд зохион байгуулагдаж буй бөгөөд Ази тивийн шилдэг хөнгөн атлетикчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна.
Энэхүү тэмцээнд Азийн бүс нутгийн 43 улсаас нийт 1,193 тамирчин оролцож байгаа бөгөөд түүнчлэн Олон улсын хөнгөн атлетикийн холбооны 2,000 гаруй албаны төлөөлөгч, шүүгч, хэвлэл мэдээллийн ажилтан оролцож байна. Энэ нь 2023 онд Тайландын Бангкок хотноо зохион байгуулагдсан өмнөх тэмцээнд 630 орчим оролцогч хамрагдаж байсантай харьцуулахад мэдэгдэхүйц өссөн үзүүлэлт юм.
Тус тэмцээнд Монгол Улсаас нийт 5 тамирчин албан ёсоор бүртгүүлж, үүнээс 3 тамирчин нь нийт 5 төрөлд оролцохоор багш, дасгалжуулагч, Монголын Хөнгөн Атлетикийн Холбооны төлөөлөлтэй хамт БНСУ-ын Күми хотноо хүрэлцэн ирээд байна.
Консул Ц.Жадамбаа уг тэмцээнд оролцож буй Монгол тамирчдын бэлтгэл, амралтын үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, тэдэнд амжилт хүсэн хүндэтгэл үзүүллээ. Тэрбээр Монголын хөнгөн атлетикийн залуу тамирчид ази тивийн дэвжээнд хүч чадлаа сорьж, эх орныхоо нэр хүндийг өндөрт өргөж байгаа нь бахархалтай явдал хэмээн онцолсон юм.
Мөн Консул Ц.Жадамбаа Хөнгөн Атлетикийн Азийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийн ёслолын ажиллагаанд оролцсон бөгөөд энэхүү арга хэмжээнд БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүд болох Кү Жа Гин, Кан Мён Гү, Kүми хотын захирагч Ким Жан Хо болон Спортын сайд, 11 орны Элчин сайд, Ерөнхий консул, Консулууд хүндэт зочноор уригдан оролцлоо.