1000 ЭМЧ БЭЛТГЭХ ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД УЛЬСАНЫ ИХ СУРГУУЛИЙН ЭМНЭЛЭГТ МОНГОЛ ЭМЧ НАРЫГ 6 САРААС 1 ЖИЛИЙН ХУГАЦААНД МЭРГЭШҮҮЛЭХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО.
Консул Ц.Жадамбаа Улсан Их Сургуулийн Эмнэлгийн (УИСЭ) Захирал Пак Жун Ха-тай албан уулзалт хийж, тус эмнэлгийн үйл ажиллагаатай танилцав.
Уулзалтад УИСЭ-ийн Үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал Шинь Инь А, Хилийн чанад дахь бодлого зохицуулалт, стратегийн төвийн Хуулийн зөвлөх Ким Юн Оно, Олон улсын эмчилгээний төвийн менежер И Жү Хи, Гадаад хамтын ажиллагааны мэргэжилтэн Б.Дөлгөөн нар оролцсон бөгөөд хоёр улсын эрүүл мэндийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж, чиглэлүүдийн талаар санал солилцов.
Уулзалтын үеэр талууд өвчтөн солилцох, эмч, мэргэжилтэн сургах, эрүүл мэндийн төсөл, хөтөлбөрүүд дээр хамтран ажиллах чиглэлээр тодорхой ахиц дэвшил гарч буйг онцлон тэмдэглэв. Мөн УИСЭ нь Монгол Улсын эмч нарыг богино болон урт хугацааны сургалтад хамруулахаас гадна эмч, сувилагч, техникч зэрэг 3–4 мэргэжилтнээс бүрдсэн хагалгааны бүрэн багийг хамруулсан мэргэшүүлэх хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж буйгаа танилцуулав. Эмч нарыг мэргэшүүлэх сургалтууд нь бүх чиглэлд хийгдэж байгаа бөгөөд сургалтад хамрагдсан Монгол эмч нар эх орондоо анхны мэс заслаа хийх үеэр УИСЭ-ийн мэс заслын баг Монголд очиж, хамтран ажиллах тогтолцоо бүрдсэнийг уулзалтын үеэр дурдав. Мөн сургалтад хамрагдах хүсэлтэй эмч, мэргэжилтнүүдэд Солонгос эсвэл Англи хэлний мэдлэг давуу тал болохыг тэмдэглэв.
Консул Ц.Жадамбаа “1000 эмч бэлтгэх хөтөлбөр”-ийг танилцуулан, УИСЭ-ийн сургалтын бааз дээр тулгуурлан Монгол эмч нарыг 6 сараас 1 жилийн хугацаанд мэргэшүүлэх урт хугацааны сургалтад хамруулах саналыг дэвшүүлэв. Тус эмнэлгийн зүгээс энэ чиглэлээр хамтран ажиллах бүрэн боломжтойгоо илэрхийлж, эмнэлгийн сургалтын төвийн үйл ажиллагаа урт хугацааны сургалт зохион байгуулах нөхцөл бүрдсэн тухай танилцууллаа.
Мөн энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Хүрээ амаржих газар болон Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвөөс ирүүлсэн хүсэлтийг уламжлан, эмч нарыг тус эмнэлэгт мэргэшүүлэх сургалтад хамруулах талаар талууд санал солилцов.
Уулзалтын үеэр мөн 2025 оны 6-р сарын 01-нээс 30-ны хооронд УИСЭ-ийн хоёр профессор Монгол Улсад ажиллуулах төлөвлөгөөг танилцуулав. Тодруулбал, Хавдар судлалын үндэсний төв, Эмгэг судлалын үндэсний төв дээр 2 профессор хөхний хавдар эмэгтэйчүүдийн эмгэг судлал, дүрс оношилгооны чиглэлээр тус тус нэг сарын хугацаанд сургалт зохион байгуулахаар төлөвлөжээ. Уг айлчлалын хүрээнд дээрх байгууллагуудтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар мэдээлэл солилцохоор болов.
Түүнчлэн, уулзалт болсон өдөр Улсан Их Сургуулийн Эмнэлэг 5000 дахь робот мэс заслаа амжилттай хийж, тав дахь робот мэс заслын өрөөгөө албан ёсоор нээсэн баярын арга хэмжээг зохион байгуулсан юм.