images

ПУСАН ХОТЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХОЛБООТОЙ ХАМТРАН МОНГОЛ УЛСРУУ ӨВЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ ЭХЛҮҮЛЭХ САНАМЖ БИЧГИЙГ 9-Р САРД ЗУРАХААР ТОХИРОЛЦЛОО.

Үйл явдлын мэдээ

2025-05-26

58

Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консул Цагаан-Өвгөний Жадамбаагийн санаачилгаар Монголын Аялал жуулчлалын холбооны дарга Гантөмөр тэргүүтэй төлөөлөгчдийг Пусаны Аялал жуулчлалын холбооны Ерөнхийлөгч И Тэ Соб тэргүүтэй төлөөлөгчидтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлээр уулзалт зохион байгууллаа.

Уулзалтын үеэр талууд өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдийн талаар харилцан мэдээлэл солилцож, дэлхий нийтийг хамарсан КОВИД-19 цар тахлын дараах аялал жуулчлалын салбарын шинэ чиг хандлагын талаар хэлэлцэв. Энэхүү өөрчлөлттэй уялдуулан талууд цаашдын хамтын ажиллагааны хэлбэрийг шинэ шатанд гаргах, илүү уян хатан, улирал бүрт чиглэсэн хамтарсан хөтөлбөрүүд хэрэгжүүлэх талаар санал нэгдлээ.

Консул Ц.Жадамбаа уулзалтын үеэр Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалын улирлыг зөвхөн зун гэхээс гадна намар, өвөл зэрэг улирлуудад өргөжүүлэн хөгжүүлэх чиглэл баримталж буйг онцлон тэмдэглэж, хоёр орны аялал жуулчлалын байгууллагууд өвлийн аялал жуулчлалыг эхлүүлэх чиглэлд идэвхтэй хамтран ажиллах боломжтойг илэрхийллээ.

Пусаны Аялал жуулчлалын холбооны Ерөнхийлөгч уг саналыг нааштайгаар хүлээн авч, Монголын Аялал жуулчлалын холбоотой хамтын ажиллагааны санамж бичгийг 2025 оны наймдугаар сарын сүүл, эсвэл есдүгээр сарын эхээр Монгол Улсад гарын үсэг зурахаар санал болголоо.

Энэхүү зорилтын хүрээнд талууд ажлын хэсэг байгуулан, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөлт, бэлтгэл ажлыг хамтран гүйцэтгэхээр тохиролцсон бөгөөд Монголын талаас өвлийн аялал жуулчлалд чиглэсэн хөтөлбөр, арга хэмжээг боловсруулж эхлүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ.