GLOBAL GATHERING 2025 АРГА ХЭМЖЭЭНД МОНГОЛ УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРАА СУРТАЛЧИЛЖ, ОРОЛЦЛОО.
Пусан хотын Захиргаанаас 2025 оны 5-р сарын 24-ний өдөр зохион байгуулсан “Global Gathering 2025” олон улсын соёлын арга хэмжээнд Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консулын газар Монголын Аялал жуулчлалын холбоотой хамтран оролцож, улс орноо сурталчлан ажиллалаа.
Арга хэмжээний хүрээнд Монгол Улсын үндэсний соёл, өв уламжлал, аялал жуулчлалын салбарыг олон улсын зочид, оролцогчдод танилцуулах зорилгоор оролцов.
Үзэсгэлэнгийн талбайд Mонгол асрыг үндэсний хэв маягаар тохижуулж, үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнүүдийг дэлгэн танилцуулж, амталгаа хийсэн бөгөөд үндэсний дээл, хувцасыг сурталчилж, зочдод өмсөж зургаа авахуулах боломжийг олгосон нь Монголын соёлын өвөрмөц онцлогийг танин мэдэх боломжийг бүрдүүлсэн юм.
Мөн арга хэмжээний үеэр гадаадын жуулчдад зориулан Монголын аялал жуулчлалын талаарх мэдээллийг багтаасан сэтгүүлийг солонгос хэлээр бэлтгэн танилцуулж, аялал жуулчлалын салбараа олон нийтэд сурталчлав.
“Global Gathering 2025” нь дэлхий даяархи улс орнуудын соёлын солилцоо, харилцан ойлголцлыг дэмжих зорилготой томоохон арга хэмжээ бөгөөд энэ удаагийн арга хэмжээнд дэлхийн 50 гаруй улс оролцож, үндэсний соёл, урлаг, хоол хүнс, уламжлалт эд зүйлсээ олон нийтэд танилцуулсан юм.