images

МОНГОЛ УЛСЫН ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРТ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙХ САНАЛ ТАВИЛАА

Үйл явдлын мэдээ

2025-05-22

65

Бүгд Найрамдах Солонгос Улсын Өмнөд Кёнсан мужийн Захиргаанаас Пухан хотод зохион байгуулсан Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг олон улсад сурталчлах, экспортын боломжийг нэмэгдүүлэх зорилготой олон улсын арга хэмжээнд Консул Ц.Жадамбаа болон Монголын хөдөө аж ахуйн салбарын төлөөлөл оролцлоо.

Энэхүү арга хэмжээ нь Өмнөд Кёнсан мужийн сайн чанарын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд таниулах, экспортыг нэмэгдүүлэх, цаашлаад бүс нутгийн гадаад харилцааг өргөжүүлэхэд чиглэсэн бөгөөд олон улсын бизнесийн болон төрийн төлөөллүүдийг оролцуулсан өргөн хүрээтэй үйл ажиллагаа боллоо.

Консул Ц.Жадамбаа арга хэмжээний үеэр зөвхөн бүтээгдэхүүн экспортлох биш, харин Монгол Улсад хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, боловсруулах үйлдвэрийн чиглэлээр хөрөнгө оруулалт оруулах, үйлдвэр байгуулах талаар санал тавьж, хамтын ажиллагааг өргөжүүлэх байр сууриа илэрхийлсэн юм. Тэрээр хоёр орны хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах, технологи, туршлага солилцох, харилцан ашигтай түншлэл бий болгох боломжийн талаар онцолсон.

Мөн Монголын хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанийн төлөөлөл тус арга хэмжээнд оролцож, Өмнөд Кёнсан мужийн үйлдвэрлэгчидтэй харилцаа тогтоон, бүтээгдэхүүний чанар, экспортын боломжуудтай газар дээр нь танилцсан юм.

Энэхүү арга хэмжээ нь Монгол, Солонгосын хөдөө аж ахуйн салбарын харилцааг бэхжүүлэх, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалтын шинэ боломжийг нээсэн стратегийн ач холбогдолтой үйл явдал боллоо.