images

БНСУ-ЫН ӨМНӨД БҮСИЙН НЭГДСЭН НААДАМ 2025 ОНЫ 07-Р САРЫН 12 ӨДӨР ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООСНЫ 35 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.

Үйл явдлын мэдээ

2025-05-21

73

Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консул Цагаан-Өвгөний Жадамбаа, Консулын тойрог дахь Монгол иргэдийн санаачилгаар байгуулагдсан төрийн бус байгууллага, холбоод болон иргэдийн төлөөлөлөөс бүрдсэн ажлыг хэсгийг байгуулан Монгол Улс болон БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдах “БНСУ-ын Өмнөд бүсийн нэгдсэн наадам”-ыг зохион байгуулах ажлын хэсгийн анхдугаар хурлыг зохион байгууллаа.

Хурлын үеэр нийт 8 ажлын хэсэг байгуулж, гишүүдийн үүрэг, хариуцлагыг тодорхойлон, ажлын төлөвлөгөөг батлав. Ажлын хэсгийн гишүүдийн саналаар “БНСУ-ын Өмнөд бүсийн нэгдсэн наадам”-ын арга хэмжээг 2025 оны 7 дугаар сарын 12-ны Бямба гарагт “Хунбобса хийд”-ийн гадаа зүлгэн талбайд зохион байгуулахаар тогтлоо.

Наадмын хүрээнд дараах арга хэмжээнүүд зохион байгуулагдана:

• Монгол үндэсний 64 бөхийн барилдаан

• Солонгосын уламжлалт Ширим бөхийн барилдаан

• Шагайн харваа, Нум сум харваа

• Сайхан Монгол дээлтэн шалгаруулах уралдаан

• Модон морьтой хүүхдүүдийн уралдаан

• “Наадмын амтат хуушуур” шалгаруулах арга хэмжээ

Наадамд Консулын тойрогт үйл ажиллагаа явуулдаг гадаадын дипломат төлөөлөгчийн газрууд, төрийн байгууллагууд болон хамтын ажиллагаатай байгууллагуудын төлөөлөл уригдан оролцох бөгөөд БНСУ-д сурч, ажиллаж, амьдарч буй бүх Монгол иргэдийг өргөнөөр оролцохыг уриалж байна.

Наадмын нээлтийн үйл ажиллагаа Монголын үндэсний соёлыг илтгэх урлагийн тоглолтоор эхлэх бөгөөд Хан Хэнтий чуулгын уран бүтээлчид, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Э. Төрмандах, дуучин О. Гансувд нар оролцохоор болсон байна.

Энэхүү наадамд иргэн бүрийн оролцоог хангасан байхаар төлөвлөж нээлтийн үйл ажиллагаанд Монгол хүн бүрийг Монгол дээл, цамцтай оролцож бүгд бие биелэгээ биелэж, Монгол ахуй, соёлоо суугаа орондоо сурталчилан таниулах болно гэдгийг комиссын гишүүд , найруулагчид онцоллоо.