КОНСУЛЫН ТОЙРОГТ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ СОЁЛЫН СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ОРОЛЦОГЧИД АМЖИЛТТАЙ ТӨГСЛӨӨ.
Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консул Ц.Жадамбаа үйл ажиллагааны чиглэлийн хүрээнд Консулын тойрогт хоёр улсын соёлыг харилцан сурталчлах зорилгоор соёлын солилцооны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүллээ.
Тус хөтөлбөр нь БНСУ-ын Пусан хотын захиргааны хөтөлбөр хэрэгжүүлэгч “Нанүги” компани, Монголын талаас Монголын Хүүхдийн Зөвлөл хамтран, Консулын газрын дэмжлэгтэйгээр анх удаа зохион байгуулагдсан бөгөөд хоёр орны соёлыг харилцан сурталчлах, өсвөр үеийнхэнд олон улсын туршлага олгох чухал ач холбогдолтой үйл ажиллагаа боллоо.
Хөтөлбөрт Монгол Улсын 21 аймаг, Улаанбаатар хотын 9 дүүргийн шилдэг 300 орчим эссе бичих уралдаанаас шалгарсан 31 сурагч амжилттай оролцсон бөгөөд эдгээр сурагчид БНСУ-д богино хугацаанд байрлан, солонгос соёл, нийгмийн онцлогтой танилцаж, шинэ мэдлэг, туршлага хуримтлуулсан юм.
Солилцооны хөтөлбөрийн хаалтын ажиллагаа болон сертификат гардуулах ёслолд Консул Ц.Жадамбаа оролцож, сурагчдад амжилт хүслээ.
Хөтөлбөрт оролцсон сурагчид олон шинэ мэдлэг, туршлага олж авснаа илэрхийлж, цаашид хичээл сурлагадаа илүү чармайлт гарган, олон улсын түвшний боловсрол эзэмших зорилготой болсон тухайгаа хэлж байлаа.
Талууд уг хөтөлбөрийг цаашид улам өргөжүүлэн, тогтмол зохион байгуулахаар харилцан тохиролцсон бөгөөд “Нанүги” компани Монголын Хүүхдийн Зөвлөл болон Монгол дахь төлөөлөгчийн газраараа дамжуулан ЕБС-иуд, бусад байгууллагуудтай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.