АХЛАХ СУРГУУЛИА ТӨГСӨӨД АЖИЛ ДЭЭР ГАРАХ ШИНЭ ЦАГИЙН МЭРГЭЖИЛТНЭЭР БЭЛТГЭГДЭЖ БУЙ ЗАЛУУСТАЙ УУЛЗАЖ, СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨ ӨГЛӨӨ.
Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Боловсролын яам хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Өмнөд Чолла мужид гадаад мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна. Тус хөтөлбөр нь хүн ам цөөн, ажиллах хүчний хомсдолтой бүс нутгийн хөдөлмөрийн зах зээлийг дэмжих, гадаад оюутныг мэргэшүүлэн бэлтгэх зорилготой.
Одоогоор Монгол Улсаас 30 ахлах ангийн сурагч уг хөтөлбөрт хамрагдан, Өмнөд Чолла мужийн хоёр ахлах сургуульд суралцаж байна. Тэдгээрийн 20 сурагч Мугпу хотын Эмэгтэйчүүдийн худалдааны ахлах сургуульд, 10 сурагч Жанхун хотын Солонгосын морин үйлдвэрлэлийн ахлах сургуульд суралцаж байгаа юм.
Төлөвлөгөөний дагуу эдгээр сурагчид 2026 оны 3 дугаар сард нээлтээ хийх Чолланамду Мирэ Олон Улсын Ахлах Сургуульд шилжин суралцах юм. Сурагчид хөтөлбөрийн хүрээнд сургуулиа амжилттай төгсөөд БНСУ-д мэргэжлийн чиглэлээр ажиллах боломжтой E-7 ангиллын виз авах нөхцөл бүрдэнэ. Мөн төгссөний дараа ажлын байраар хангагдах боломжтой гэв.
Цаашид уг хөтөлбөрийг өргөжүүлэн, 2026 онд 70, 2027 онд 120 сурагчийг хамруулах зорилт тавьсан бөгөөд энэхүү хөтөлбөрт хамрагдах сурагчид TOPIK II түвшний Солонгос хэлний мэдлэгтэй байх шаардлагатай юм.
Хөтөлбөрийн хэрэгжилтийн явцтай танилцах, сурагчдын нөхцөл байдалтай газар дээр нь танилцах зорилгоор Консул Ц.Жадамбаа Өмнөд Чолла мужид ажиллаж, сурагчидтай уулзаж, тэдний санал хүсэлтийг сонсон, суралцах орчин, ахуй нөхцөлтэй танилцсан юм.
Мөн Консул Ц.Жадамбаа уулзалтын үеэр сурагчдад зориулан гэмт хэрэг, ялангуяа сүүлийн үед ихээр бүртгэгдэж буй утсаар залилан хийх гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл өгч, сургалт зохион байгууллаа. Тэрээр сурагчдын аюулгүй байдлыг хангах, Солонгост амьдрах хугацаандаа хуулийг сахин мөрдөхөд онцгой анхаарахыг уриалсан юм.