images

КИМХЭ ОЛОН УЛСЫН НИСЭХ ОНГОЦНЫ БУУДЛЫН ЦАГААЧЛАЛЫН АЛБАНЫ ДАРГАТАЙ ХОЁР ДАХЬ УДААГИЙН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ, ТОДОРХОЙ САНАЛУУД ДЭЭР ХАМТРАН АЖИЛЛАХААР САНАЛ СОЛИЛЦЛОО.

Үйл явдлын мэдээ

2025-05-15

21

Консул Ц.Жадамбаа, Дэд консул Б.Билэгсайхан нар Кимхэ Олон Улсын Нисэх буудлын Цагаачлалын албаны дарга Рю Ин Сон тэргүүтэй удирдлагуудтай 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдөр албан уулзалт хийлээ.

Консулын газраас “Хариуцлагатай аялцгаая” аяны хүрээнд тус нисэх онгоцны буудалд Монгол хэл дээр баннер байрлуулж иргэдэд чиглэсэн мэдээлэл, урьдчилан сэргийлэх ажлыг идэвхтэй зохион байгуулж байгааг онцлов.

Уулзалтын үеэр дараах асуудлуудыг хөндөн ярилцлаа. Үүнд:

• Хилийн шалгалтаар буцаагдаж буй иргэдэд буцаах болсон шалтгааныг монгол хэлээр ойлгомжтой тайлбарлах,

• Буцаах шийдвэрт 24 цагийн дотор эрхээ хамгаалуулах боломжтойг тодорхой хэлж, гарын үсэг зуруулахдаа уг мэдээллийг ойлгуулсан байх,

• Байцаалтын үед мэргэжлийн түвшинд орчуулга хийх, хэлний мэдлэггүй, харилцааны чадвар сул хүмүүст орчуулга даатгахгүй байх,

• Монгол иргэд хилээр нэвтрэх боломжгүй болдог нийтлэг зөрчлүүдийн талаар мэдээлэл солилцох, иргэдэд анхааруулах, сурталчлах ажлыг хамтран зохион байгуулах.

Цагаачлалын албаны зүгээс хэлэлцсэн асуудлуудыг эерэгээр хүлээн авч, цаашид хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлэв.

Уулзалтын төгсгөлд талууд ижил төрлийн уулзалтыг тогтмол зохион байгуулж, харилцан мэдээлэл солилцох, хамтын ажиллагааг улам бэхжүүлэх талаар харилцан ойлголцолд хүрлээ.