КОНСУЛЫН ТОЙРОГТ ТӨЛӨВЛӨСӨН АЖЛУУД ХЭРЭГЖИЖ ЭХЛЭН, СОЁЛЫН СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨРӨӨР МОНГОЛ СУРАГЧИД ПУСАН ХОТОД ИРЛЭЭ.
Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консул Ц.Жадамбаа Нанүги Ворлд ХХК-ийн захирал На Хэ Ра-тай энэ оны 3 дугаар сард уулзаж, “Соёлын солилцооны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх талаар тохиролцсон билээ.
Энэхүү уулзалтын үр дүнд Консулын газар нь Нанүги Ворлд ХХК-ийг Монголын Хүүхдийн Зөвлөлтэй холбон ажилласнаар тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх суурь тавигдаж, эхний ээлжийн сурагчдыг хүлээн авлаа.
Хөтөлбөрт Монгол Улсын Ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн 31 сурагч хамрагдсан бөгөөд хөтөлбөрийн хүрээнд сурагчид Пусан хотын Захиргаа болон аялал жуулчлалын агентлагтай хамтран зохион байгуулсан аяллын маршрутаар аялж, Пусан хотын их сургуулиудын сургалтын орчин, үйл ажиллагаатай танилцан, тэтгэлэгт хөтөлбөрийн талаар мэдээлэл авч, хувь хүний манлайллын сургалтанд хамрагдаж, Пусан хотын үзэсгэлэнт газруудаар аялах юм.
Консул Ц.Жадамбаа 5-р сарын 14-ний өдөр сурагчдыг Консулын газарт хүлээн авч, тэдэнд мэргэжлээ хэрхэн зөв сонгох, ирээдүйгээ зөв төлөвлөх, гадаадын их, дээд сургуульд суралцах олон боломжууд, ялангуяа БНСУ-д суралцах давуу талуудын талаар мэдээлэл, зөвлөгөө өгөв. Тэрээр Монгол залуус дэлхийн боловсрол эзэмших хэрэгтэй, сургуулиа төгсөөд, эзэмшсэн мэргэжлээрээ эх орондоо ажиллаж, Монгол Улсын хөгжил дэвшилд өөрийн хувь нэмрийг оруулаарай хэмээн амжилт хүсэв.