БНСУ-ЫН УСАН ОНГОЦНЫ ҮЙЛДВЭРТ МОНГОЛ ГАГНУУРЧДЫН УР ЧАДВАР ӨНДРӨӨР ҮНЭЛЭГДЭЖ БАЙНА
Консул Ц.Жадамбаа, Дэд консул Б.Билэгсайхан нар гэрээт ажилтнуудын ажил, амьдралын нөхцөл байдалтай газар дээр нь танилцах, тэдэнд тулгамдаж буй асуудлыг сонсох, цаашид авч хэрэгжүүлэх бодитой арга хэмжээний талаар санал солилцох зорилгын хүрээнд Өмнөд Чолла мужийн Мугпу хотод ажиллалаа.
Мугпу хот нь БНСУ-ын усан онгоцны үйлдвэрлэлийн гол бүс нутгийн нэг бөгөөд тус хот дахь усан онгоцны моторын гол эд ангиудыг үйлдвэрлэдэг томоохон үйлдвэрт зочилж, ажил байдалтай нь танилцав. Уг үйлдвэрт нийт 6 Монгол гэрээт ажилтан ажиллаж байгаа бөгөөд тэдний төлөөлөл болох Э.Өлзийсайхан, Х.Мөнхбаяр, Б.Хосзаяа, Г.Билгүүн нартай ажлын байран дээр нь уулзаж, нөхцөл байдлыг газар дээр нь сонслоо.
Тус үйлдвэрийн гагнуурчнаар ажилладаг Э.Өлзийсайхан 2011 оноос хойш ажиллаж буй өндөр ур чадвартай мэргэжилтэн бөгөөд шинэ ажилтнуудыг дадлагажуулж, үйлдвэрлэлийн үйл явцад чиглүүлэг өгдөг туршлагатай ажилтан юм. Ажилтнууд ажлын нөхцөл байдалдаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, цаашид шинээр ирэх гэрээт ажилтнуудын хувьд Солонгос хэлний дундаас дээш мэдлэгтэй ирэх нь чухал болохыг онцолж байв.
Уулзалтын үеэр Консул Ц.Жадамбаа суугаа орны хууль, журмыг чанд сахих, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж амьдрахын чухлыг онцлон зөвлөж, Монгол иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, хууль эрх зүйн туслалцаа үзүүлэх, мэдээлэл шуурхай солилцох чиглэлээр Консулын зүгээс авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулав.
Үйлдвэрийн удирдлагууд Монгол гагнуурчдын ур чадвар, хөдөлмөрч зан чанарыг өндрөөр үнэлдэг болохоо илэрхийлж, цаашид энэ салбарт Монгол гэрээт ажилчдын эрэлт хэрэгцээ байгааг дурдсан юм. Консул Ц.Жадамбаа тус үйлдвэрийн удирдлагуудад Монгол ажилтнуудын талаар баримталж буй бодлого, дэмжлэгт нь талархал илэрхийлж, албан ёсны талархлын бичиг хүргүүлэхээ илэрхийллээ.
Усан онгоц нь олон мянган тоннын даацтай, далайд олон жилийн турш аюулгүй ажиллагааг хангах зориулалттай учраас гагнаас бүрэн битүүмжилсэн, өндөр чанартай, бат бөх байх шаардлагатай байдаг. Монгол гагнуурчид энэхүү өндөр стандартыг бүрэн хангаж, ур чадвараараа БНСУ-ын усан онгоцны үйлдвэрлэлийн салбарт өндрөөр үнэлэгдэн ажиллаж байна.