1000 ЭМЧ БЭЛТГЭХ ХӨТӨЛБӨРИЙГ КОНСУЛЫН ТОЙРОГТ ХЭРЭГЖҮҮЛЖ, ӨВЧТӨНД ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛЭХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны 3 дугаар сард Бүгд Найрамдах Солонгос Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр тус улсын Ерөнхий сайдтай уулзаж, эрүүл мэндийн салбарт 1000 эмч, мэргэжилтнийг бэлтгэх асуудлыг онцлон ярилцсан билээ.
Энэхүү хэлэлцээрийн хэрэгжилтийг бодит ажил хэрэг болгох, хоёр орны ард иргэдийн эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консулын газар тус улсын тэргүүлэх эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран ажиллах, харилцаа тогтоох чиглэлд идэвхтэй ажиллаж байна.
Энэ хүрээнд Зүүн Өмнөд бүсийн Цөмийн Анагаах Ухааны харьяа Хавдрын төв эмнэлгийн дарга Ри Чанг Хун Консул Ц.Жадамбааг тус эмнэлгийн байранд хүлээн авч уулзлаа. Уулзалтад Бизнесийн удирдлагын ерөнхий менежер Чой Вон Хо, Олон улсын хамтын ажиллагааны хэлтсийн дарга Пак Чан Хум нар оролцов.
Уулзалтаар тус эмнэлэг нь хавдрын оношилгоо, эмчилгээний чиглэлээр мэргэшсэн, орчин үеийн эмчилгээ, судалгаа, сургалтын чадавх бүхий байгууллага гэдгийг онцолж, дараах чиглэлүүдээр Монгол Улсын эмнэлгүүдтэй хамтын ажиллагаа өрнүүлэхэд дэмжин, холбож ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ. Үүнд:
-Монголын эмч, мэргэжилтнүүдэд хүний нөөцийн талаас туршлага, шинэ төрлийн мэргэшсэн онцлогтой ололт амжилтыг хуваалцах,
-Орчин үеийн техник технологи, тоног төхөөрөмжийг ажиллуулах чиглэлээр сургалт зохион байгуулах,
-Монгол Улсаас ирсэн хавдрын оноштой өвчтөнүүдэд хөнгөлөлттэй үнээр эмчилгээ үйлчилгээ үзүүлэх, мөн эдийн засгийн боломжгүй өвчтөнүүдэд зарим эмчилгээний зардлыг чөлөөлөх боломж олгох зэрэг юм.
Зүүн Өмнөд бүсийн Цөмийн Анагаах Ухааны Хүрээлэн нь БНСУ-ын Цөмийн Анагаах Ухааны Хүрээлэнгийн 40 жилийн туршлага, судалгааны ололтод тулгуурлан, хавдрын өвчлөлийн оношилгоо, эмчилгээний хамгийн сүүлийн үеийн аргачлалыг хөгжүүлэх чиглэлээр ажилладаг байна.