ҮНДЭСНИЙ СПОРТОО СУРТАЛЧИЛЖ УЛИРАЛ БҮР БӨХИЙН БАРИЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОО.
Консул Ц.Жадамбаа Монголын Үндэсний бөхийн холбооны БНСУ дахь салбарын төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтад тус салбар холбооны Удирдах зөвлөлийн дарга Н.Мөнхзаяа, Дэд дарга, Монгол Улсын Сумын заан Д.Ядмаа, Монголчуудын “Тулга” холбооны тэргүүн Б.Эрдэнэбилэг болон тус холбооны гишүүд оролцсон юм.
Өнөөдрийн байдлаар БНСУ-д 55,000 орчим Монгол иргэн ажиллаж, амьдарч байгаа бөгөөд тус салбар холбооны санаачилгаар үндэсний бөхийн спортыг хилийн чанадад түгээн дэлгэрүүлэх, уламжлалт соёлоо хадгалах үйл ажиллагаа тогтмол зохион байгуулагдаж байна.
Уулзалтын үеэр Солонгос Улсад үндэсний бөхийн тэмцээнийг улирал бүр зохион байгуулах, Пусан хотод бөхийн спортыг хүүхэд, залуусын дунд таниулан сурталчлах, бөх сонирхогчдод зориулсан бэлтгэлийн зориулалттай заал, танхимтай болох зэрэг асуудлаар санал солилцож, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжуудыг хэлэлцэв.
Консул Ц.Жадамбаа Монгол иргэдийн соёл, спортын үйл ажиллагааг дэмжих чиглэлээр бүх талын дэмжлэг үзүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлэв.