МОНГОЛЧУУДЫНХАА НЭРИЙН ӨМНӨӨС ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ.
Консул Ц.Жадамбаа Үльсан Их сургуулийн эмнэлгийн төлөөлөгчөөр Хилийн чанад дахь бодлого зохицуулалт, стратегийн газар дарга, Хуулийн зөвлөх Ким Юн Он, Олон улсын эмчилгээний төвийн эрхлэгч И Жү Хи, Олон улсын эмчилгээний төвийн Гадаад хамтын ажиллагааны менежер Б.Дөлгөөн нарыг хүлээн авч уулзав.
Үльсан Их сургуулийн эмнэлэг нь БНСУ-ын тэргүүлэх эрүүл мэндийн байгууллагуудын нэг бөгөөд Хьюндай группийн харьяа, 3 дугаар шатлалын нэгдсэн эмнэлэг юм. Тус эмнэлэг нь Монгол Улсын I, II, III дугаар эмнэлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Монгол-Японы эмнэлэг зэрэг эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран ажилладаг. Энэ хүрээнд Монгол Улсаас 18 эмч, удирдлагын чиглэлээр 40 албан хаагч, резидент 10 гаруй эмчийг өөрийн эмнэлэгт урьж, мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулсан байна. Мөн жил бүр Үльсан Их сургуулийн эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд Монгол Улсад очиж, шинэ техник, технологи, тоног төхөөрөмжийг ашиглах аргачлал, оношилгоо хийх чиглэлээр сургалт зохион байгуулдаг байна.
Уулзалтаар хоёр тал эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг улам өргөжүүлж, эмч, мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх сургалтыг үргэлжлүүлэн зохион байгуулах, харилцан туршлага хуваалцах ажлыг тасралтгүй хэрэгжүүлэхийн чухлыг онцлов. Мөн Монгол Улсын эрүүл мэндийн салбарыг цогц байдлаар хөгжүүлэх, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, өвчний оношилгооны чанарыг сайжруулж, эмчилгээний үр дүнг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцов.
Консул Ц.Жадамбаа Монголчуудад туслаж буй өгөөмөр сэтгэлд нь олон хүний нэрийн өмнөөс талархаж буйгаа илэрхийлж, Монгол дахь үйл ажиллагааг дэмжин ажиллахаа илэрхийллээ.