images

“ЭВ НЭГДЭЛ МОНГОЛ НААДАМ 2024” ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ

Үйл явдлын мэдээ

2024-07-09

55

БНСУ-ын Үльсан хотноо “ЭВ НЭГДЭЛ МОНГОЛ НААДАМ 2024” арга хэмжээ 2024 оны 7 дугаар сарын 07-ны өдөр зохион байгуулагдлаа. Үльсан хот дахь Монгол иргэдийн "Эв нэгдэл" ТББ-аас зохион явуулсан энэхүү арга хэмжээ нь 9 дэхь жилдээ амжилттай болж өндөрлөв.


Тус наадмын арга хэмжээг үзэж сонирхохоор Өмнөд Кёнгсан муж, Үльсан хот орчмын гадаад, дотоодын 500 гаруй иргэд хүрэлцэн ирсэн байв. Наадмын арга хэмжээний үеэр хүчит бөхийн барилдаан, шагайн харваа, гар барилдаан, хүүхдийн бөхийн барилдаан зэрэг спортын арга хэмжээнүүд зохион байгуулагдаж наадамчдын дундаас “Сайхан үндэсний хувцас”-тай эрэгтэй, эмэгтэйг шалгаруулан гарын бэлэг гардууллаа. 


Арга хэмжээг зохион байгуулахад идэвх санаачлагатай оролцож, үндэсний соёл, өв уламжлалаа БНСУ-д сурталчлах үйлсэд хувь нэмрээ оруулсан “Эв нэгдэл” ТББ-ын Тэргүүн Г.Түвшинжаргал болон дэмжин ажилласан зарим иргэдэд Пусан хотод суугаа Консул Ц.Өнөрзаяа “Талархал”-ын бичгийг гардуулж, баяр хүргэв.


Тус арга хэмжээ нь Пусан хотод суугаа Консулын газар, “NICE MONGOLIA” карго, Үльсан хотын Гадаад иргэдийг дэмжих төв, Үльсан хотын Намгү дүүргийн Олон соёлт гэр бүлийг дэмжих төв, ОУ-ын Оюуны спортын төв, ОУ-ын “People to people” ТББ, “Халуун дулаан гэр бүл” ТББ, Тэжүн техникийн үйлдвэр, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төв, Үльсан хотын Цагдаагийн Ерөнхий газар болон “Хьюндай” үйлдвэрт ажилладаг Монгол иргэд зэрэг олон байгууллага, хувь хүмүүсийн дэмжлэгтэйгээр өргөн дэлгэр болж өндөрлөлөө.