images

“МОНГОЛ КИНО ӨДРҮҮД” АНХДУГААР ФЕСТИВАЛИЙГ БНСУ-ЫН ПУСАН ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАВ

Үйл явдлын мэдээ

2024-03-12

1010

Засгийн газраас 2023-2025 оныг "Монголд зочлох жил" болгон зарласантай холбогдуулан Монгол Улсыг гадаадад сурталчлан таниулах ажлын хүрээнд Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консулын газраас санаачлан Пусан хотын Ханнарэ соёлын сан,  Пусаны кино ордон, Соёлын яамны харьяа Монголын Үндэсний кино урлагийн зөвлөлтэй хамтран “Монгол кино өдрүүд” анхдугаар фестивалийг 2024 оны 3 дугаар сарын 08-наас 10-ны өдрүүдэд Пусан хотноо зохион байгууллаа.
Нээлтийн ёслолын арга хэмжээнд Пусан хотын Эдийн засгийн асуудал эрхэлсэн Дэд захирагч Ким Гван Хвэ, Пусан хотын Гимжон дүүргийн ИТХ-ын Захиргаа, соёлын хорооны дарга Ви Вон Жан, Пусан хотын ХАҮТ-ын Ерөнхийлөгч Жан Ин Хуа, Пусан хотын захирагч асан Мүн Жон Сү, ОХУ-аас Пусан хотод суугаа Ерөнхий консул Оксана Дудник, Казакстан улсаас Пусан хотод суугаа Ерөнхий консул Аяан Кашабаев, АНУ-аас Пусан хотод суугаа Консул Нолан Баркхаус, БНХАУ-аас Пусан хотод суугаа Ерөнхий Дэд консул Ү Ри Би, Зүүн хойд Азийн бүс нутгийн засгийн газрын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин, Үльсан Их сургуулийн эмнэлэгийн дарга Чон Юн Ги, Кённам Мэдээллийн технологийн их сургуулийн Ерөнхий захирал Ким Тэ Сан, Мирал зүрхний сангийн Тэргүүн И Жон Жэ, Пусан хотын Солонгос Монголын соёл, эдийн засгийн хамтын ажиллагааны холбооны захирал Ян Жэ Рюл зэрэг нэр хүндтэй 100 гаруй зочид төлөөлөгчид хүндэтгэл үзүүлж хүрэлцэн ирэв.

Талууд “Монгол кино өдрүүд” фестивалийг жил бүр цаашид уламжлал болгон Пусан хотноо зохион байгуулаар тохиролцож Пусан хотын кино ордны Ерөнхийлөгч Ким Жин Хэ, Ханнарэ соёлын сангийн Тэргүүн Шим Сан, Монгол Улсын Соёлын яамны харьяа Монголын Үндэсний кино урлагийн зөвлөлийн дарга Ч.Ундрал нар Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав.

Тус арга хэмжээг нээн Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консул Ц.Өнөрзаяа, Ханнарэ соёлын сангийн Тэргүүн Шим Сан, Пусаны Кино ордны Ерөнхийлөгч Ким Жин Хэй нар мэндчилгээний үг хэлэв.

Мөн арга хэмжээнд баяр хүргэж Пусан хотын Дэд захирагч Ким Гван Хэг болон Монголын Үндэсний кино урлагийн зөвлөлийн дарга Ч.Ундрал нар үг хэллээ.

“Монгол кино өдрүүд” фестивалийн нээлтийн киногоор Найруулагч Б.Отгонзоригийн бүтээл “Эмэгтэй” киног толилуулав.
Тус арга хэмжээг сурвалжилахаар Пусаны BBS болон BTN телевиз, “Буддын сонин”,  “Боббу сонин”,  Өмнөд Кёнсан мужийн “Өдрийн сонин” зэрэг нийт хэвлэл мэдээллийн 10 гаруй байгууллага ирсэн байв. 
Арга хэмжээний хүрээнд “Пусан хотын кино ордон”-д Монгол улсын уран сайхны 4 киног толилуулж, найруулагч нарын уулзалтыг зохион байгуулан, 11 удаагийн үзвэрээр нийт 2000 гаруй иргэд хүрэлцэн ирж сонирхлоо.