images

ӨМНӨД КЁНСАН МУЖИЙН КИМХЭ ХОТЫН ҮНДЭСНИЙ МУЗЕЙН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРОЛЦОВ.

Үйл явдлын мэдээ

2024-01-23

1099

Өмнөд Кёнсан мужийн Кимхэ хотын Үндэсний музейн Үзэсгэлэнгийн танхимыг “Дэлхийн өв Гаяа” нэртэйгээр шинэчлэн, сэргээн засан, дахин үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд уг музейн нээлтийн арга хэмжээ нь 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Кимхэ хотод зохион байгуулагдав.
Уг арга хэмжээний нээлтэнд Кимхэ хотын Үндэсний музейн Дарга Юүн Хён Вон, Парламентын гишүүн Ким Жон Ху, Кимхэ хотын Дэд дарга Ан Гён Вон, Япон Улсаас Пусан хотод суугаа Ерөнхий Консул Усика Чиюуши, Казакстан Улсаас Пусан хотод суугаа Ерөнхий Консул Аян Кашабаев, БНХАУ-аас Пусан хотод суугаа Ерөнхий Консулын газрын Дэд Консул Юү Ри Пэй, Монгол Улсаас Пусан хотод суугаа Консул Ц.Өнөрзаяа, АНУ-аас Пусан хотод суугаа Консул Нолаэ Баркхаус, БНСУ-ын Музейн холбооны дарга, бусад хотуудын Үндэсний музейн дарга нар болон Монгол Улсын Шинжлэх ухааны академи археологийн хүрээлэнгийн захирал Доктор, Дэд профессор Г.Эрэгзэн зэрэг хүндэт зочид оролцов. 

Гаяа улс нь БНСУ-ын гурван улсын үед Солонгосын хойгийн өмнөд хэсэгт болох одоогийн Гимхэ хотод байсан эртний улс бөгөөд 12 жижиг мужийг нэгтгэснээр байгуулагдаж байжээ. Эртний бусад улсуудтай харьцуулахад Гаяа улс нь түүхийн баримт маш цөөхөн үлдсэн хэдий ч уг музей нь бусад Үндэсний музейнүүдээс ялгаатай нь археологийн төвлөрсөн төв юм.

Музейг шинэчлэх бэлтгэл ажил нь 2021 оноос эхэлсэн бөгөөд  3 жилийн хугацаанд сэргээн засах ажиллагааг явуулж одоогоор ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн 3723 соёлын өвийг толилуулж  эхлээд байна.