images

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Сэрэмжлүүлэг

2023-04-17

876

БНСУ-д цахим залилан /voice phishing/-ийн гэмт хэргийн гаралт буурахгүй байгаагаас энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгч гэмт бүлэглэлийн үйл ажиллагаанд манай иргэд өртөх, ашиглагдах явдал гарсаар байна. Ялангуяа бага цагаар ажиллах, өндөр цалин амласан цагийн ажилтан авна гэх зар мэдээллийн дагуу манай оюутан залуус гэмт хэргийн замаар олсон бэлэн мөнгийг бусдад дамжуулах, бусдын өмнөөс бэлэн мөнгөний гүйлгээ хийх, хууль бус техник, тоног төхөөрөмж суурилуулах, төхөөрөмжийг төлбөр авах нөхцөлтэйгөөр гэртээ байрлуулах, хуурамч утасны дугаар холбож өгөх, хэн нэгний нэрийн өмнөөс хуурамч мессеж явуулах зэргээр энэ төрлийн гэмт хэрэгт санаатай болон санамсаргүй байдлаар холбогдож гэмт хэргийн хохирогч болох, улмаар хууль хяналтын байгууллагад саатуулагдах, шүүхээс ял шийтгэл авах зэрэг явдал нэмэгдсээр байна.

Иймд БНСУ-д оршин суугаа манай иргэд интернэт зарын дагуу олсон цагийн ажил хийх тохиолдолд ажил олгогчийг сайтар судалж, нягтлах, бэлэн мөнгө, сэжигтэй эд зүйлсийг дамжуулах болон тээвэрлэхээс болгоомжлох, гэмт хэрэгт ашиглагддаг хууль бус техник, тоног төхөөрөмж суурилуулах ажилд туслахгүй байх, өөрийн амьдарч байгаа орон байрандаа тодорхой бус тоног төхөөрөмжийг төлбөр авах нөхцөлтэйгөөр байршуулахгүй байх, хувийн мэдээллээ бусдад өгөхгүй байх зэргээр дээрх төрлийн гэмт хэрэгт ашиглагдах, хохирогч болохоос урьдчилан сэргийлнэ үү.