ПУСАНЫ ОЛОН УЛСЫН КИНО УРЛАГИЙН ЯАРМАГ ҮЗЭСГЭЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ
"28 дахь удаагийн Пусан Олон улсын кино наадам"-ын арга хэмжээний хүрээнд BEXCO үзэсгэлэнгийн төвд зохион байгуулагдсан "Олон улсын кино урлагийн яармаг үзэсгэлэн"-д Монгол улсаа төлөөлөн оролцож буй "Кино урлагийн зөвлөл"-ийн хамт олонд МУ-аас БНСУ-ын Пусан хотод суугаа Консулын газраас дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаа.
Тус яармаг үзэсгэлэн нь 2023 оны 10 дугаар сарын 7–ноос 10-ны өдөр хүртэл 4 хоногийн турш BEXCO-ийн үзэсгэлэнгийн төвийн 1-р танхимд зохион байгуулагдсан бөгөөд яармаг үзэсгэлэнд кино бүтээгчид, худалдаа, лизингийн компаниуд, үйлдвэрлэгчид, орон орны хөрөнгө оруулагчдын төлөөлөл зэрэг 49 орны 877 компани, 1939 байууллагууд оролцов.
Энэхүү арга хэмжээнд Соёл яам, Монгол Улсын кино уран бүтээлчид болон Дархан-Уул аймгийн Соёл урлагийн газрын төлөөлөл, Монголын кино урлагийн зөвлөлөөс Монгол Улсын кино урлагийн салбарын эрх зүйн орчин, Кино урлагийн зөвлөлийн үйл ажиллагаа, шинэ кино уран бүтээлийн сурталчлах зорилготойгоор оролцов. Монгол Улсын Засгийн газраас 2023-2024 оныг "Монгол зочлох жил" болгон зарласантай холбогдуулан олон улсын кино уран бүтээлчдэд Монгол Улсын уламжлалт өв соёл, ёс заншил сурталчилсан бөгөөд павильоныг монгол гэрийн хэв маягтай тохижуулсан нь бусад орны павильоноос ялгарч байв.
Уг "Олон улсын кино урлагийн яармаг үзэсгэлэн"-ын үеэр Монгол улс "Монголын үдэш" арга хэмжээг амжилттай зохион байгуулан дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн кино бүтээлчид болон Монгол Улсыг төлөөлөн оролцож буй уран бүтээлчид оролцов.
Энэ үеэр гадаад болон дотоодын зочдод зориулан Монгол орны соёлын уламжлал, үндэсний урлагийн тоглолтуудаас толилуулж, Монгол Улсад зураг авалтаа хийх боломжтой онцгой байршлуудын танилцуулах үйл ажиллагааг мөн зохион байгууллаа.
Мөн БНСУ-д ажиллаж, амьдарч буй Монгол уран бүтээлчид тус үйл ажиллагаанд оролцож, Морин хуур, Монгол бүжиг, Лимбэний аялгуу, Алтайн магтаал хөөмий зэргийг зочдод сонирхуулав.