images

"НҮҮДЭЛЧИН МОНГОЛ НААДАМ 2022" АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

Үйл явдлын мэдээ

2022-07-05

1074

Өнө эртний түүхтэй Монголчуудын соёл, уламжлал болсон "наадам"-ыг 2010 онд ЮНЕСКО-гийн "биет бус соёлын өв"-д бүртгэсэн бөгөөд бид энэхүү соёлын өвийг тээгч, үр хүүхэд хойч ирээдүйдээ уламжлан хүлээлгэн өгөх, нандигнан дээдлэх өндөр үүрэг хариуцлага хүлээсэн билээ.

БНСУ-д оршин суугаа иргэд бид Монгол наадмаа жил бүр өргөн дэлгэр тэмдэглэж, суугаа орондоо өв соёлоо сурталчлан таниулдаг сайн жишиг тогтсон бөгөөд жилээс жилд өргөн дэлгэр болж байгаагийн жишээ нь Пусан хотноо 2011 оноос хойш жил бүр зохион байгуулагдаж буй "Нүүдэлчин Монгол" наадам юм.

11 дэхь жилдээ уламжлал болгон зохион байгуулагдсан "Нүүдэлчин Монгол Наадам 2022" арга хэмжээ 7 дугаар сарын 3-ны өдөр Пусан хотын Хунбобса хийдийн Зүлгэн талбайд амжилттай болж өндөрлөлөө. Наадмыг нээж Пусан хотод суугаа Консулын үүрэг гүйцэтгэгч Ц.Өнөрзаяа баярын мэндчилгээ дэвшүүлэв.

Энэ удаагийн арга хэмжээ урьд жилүүдийнхээс илүү өргөн хүрээнд зохион байгуулагдсан ба аймаг, сумын цолтой хүчит 64 бөх барилдан, онч мэргэн 71 шагайн харваачид багийн болон хувийн төрлөөр цэц мэргэнээ сорьж, ардын урлагийн бүрэн хэмжээний тоглолт, сайхан Монгол дээл шалгаруулах уралдаан, гар барилдаан, олс таталтын тэмцээн болж БНСУ-д оршин суугч манай 2000 гаруй иргэд наадамлахаар цугларснаас гадна олон зуун Солонгос иргэд хүрэлцэн ирж сонирхов.

Монгол наадмын энэхүү арга хэмжээнд хүндэтгэл үзүүлж БНСУ-ын Үндэсний Ассемблэйн гишүүн Пэк Жун Хон, Пусан хотын Кымжон дүүргийн Засаг дарга Ким Жэ Ён, KOICA Олон улсын хамтын ажиллагааны сангийн Пусан дахь салбарын дарга Хун Сүн Бом, Хунбобса хийдийн Хамба лам Шим Сан, Монголын Шагайн харвааны холбооны Ерөнхийлөгч Ц.Энхбат зэрэг гадаад дотоодын олон зочид хүрэлцэн ирж оролцлоо.