Иргэний шинэчилсэн бүртгэл

Иргэний шинэчилсэн бүртгэл нь иргэний регистрийн дугаар дээр үндэслэн хүн бүрт үл давхардах шинжтэй 10 хурууны хээ, цээж зургийг авч тухайн иргэний төрөлтийн болон иргэний үнэмлэх, оршин сууж буй хаягийн бүртгэлийг баталгаажуулж буй явдал юм. Монгол улсын 16 насанд хүрсэн иргэн бүр шинэчилсэн бүртгэлд заавал хамрагдана.

Цахим иргэний үнэмлэхийг 16 нас хүрсэн Монгол Улсын иргэн шинээр, 25 болон 45 нас хүрсэн Монгол Улсын иргэд сольж, 45-аас дээш насны иргэдэд хугацаагүй олгоно.

Бүрдүүлэх материал:

16 нас хүрсэн Монгол Улсын иргэн дараах материалыг бүрдүүлнэ.
Монгол Улсын иргэн 16 нас хүрсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор дараах баримт бичгийг бүрдүүлж, өөрийн биеэр бүртгүүлнэ.

  • - Төрсний гэрчилгээ /эх хувь эсхүл хуулбар/
  • - Эцэг, эхийн хүчинтэй цахим иргэний үнэмлэх /эх хувь эсхүл хуулбар/
  • - Гадаад паспорт
  • - Үйлчилгээний хураамж

Жич: Монгол дахь байнга оршин суугаа хаягаа тодорхойлж чадахгүй тохиолдолд тухайн иргэн заавал баг, хорооны засаг даргын тодорхойлолтыг хавсаргана.

25 болон 45 нас хүрсэн Монгол Улсын иргэд дараах материалыг бүрдүүлнэ.
Монгол Улсын иргэн 25, 45 нас хүрсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор иргэний үнэмлэхээ солиулна.

  • - Төрсний гэрчилгээ /эх хувь эсхүл хуулбар/
  • - Хугацаа дууссан иргэний үнэмлэх /эх хувь эсхүл хуулбар/
  • - Гадаад паспорт
  • - Үйлчилгээний хураамж

Жич: Монгол дахь байнга оршин суугаа хаягаа тодорхойлж чадахгүй тохиолдолд тухайн иргэн заавал баг, хорооны засаг даргын тодорхойлолтыг хавсаргана.

Нэмэлт тайлбар:

- Бүртгэлд хамрагдах иргэд өөрсдийн ургийн овог, яс үндэс, Монгол Улсад байнга оршин суугчаар бүртгүүлсэн хаягаа тодорхой мэдэж байх шаардлагатай ба шилжилт хөдөлгөөн хийгдсэн тохиолдолд түүнийг нотлох баримт эсхүл бүртгэл хийгдсэн баг, хорооны хаягийн тодорхойлолт шаардлагатай.

-Иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсаны дараагаар бүртгэлийн мэдээлэл харъяа бүртгэлтэй сум, дүүргийн Засаг даргын тамгын газрын Иргэний бүртгэлийн байгууллагад очих бөгөөд хэвлэлтийн хураамжийг төлж, баталгаажуулснаар Монголд амьдарч буй өөрийн аав, ээж, ах, дүү, үр хүүхэд, ойрын хамаатан садан эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан цахим иргэний үнэмлэхээ хэвлүүлэн авна.

-Иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдахад бүрдүүлсэн материалыг үндэслэн бүртгэл хийгдэх тул материалыг заавал урьдчилан бэлтгэн ирнэ үү. Бүрдүүлэх материал заавал эх хувиараа байх шаардлагагүй бөгөөд тэдгээрийн хуулбар байж болно.