ХАРЬЯАТААС ГАРАХ

2023-05-29


МОНГОЛ УЛСЫН ХАРЬЯАТААС ГАРАХ ХҮСЭЛТ ГАРГАГЧИЙН БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ

НЭГ. МОНГОЛ ТАЛААС

ӨРГӨДӨЛ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр дээр гаргах бөгөөд Монгол Улсын харьяатаас гарах болсон шалтгаан, харьяат болохыг хүссэн улс, харьяат болох улсдаа шилжин суурьшсан огноо, эцэг, эх, эхнэр /нөхөр/, хүүхэд нь аль улсын харьяат болох, тэдгээрийн хөдөлмөр эрхлэлтийн байдал, 18 нас хүртэлх насны хүүхдийнхээ иргэний харьяаллыг өөрчлөх эсэх талаар тусгана.
Өргөдлийн толгойг Монгол Улсын Ерөнхийлөгч /овог, нэрийг бичнэ/ Танаа гэж бичих ба дараагийн мөрөнд ОГНОО болон оршин сууж байгаа улс, хот-ын нэрийг бичнэ. Өргөдлийн гарчгийг Монгол Улсын харьяатаас гарах өргөдөл гаргах нь гэх байдлаар бичнэ. Өргөдлийн төгсгөлд өргөдөл гаргасан гээд овог, нэрээ бичиж, гарын үсгээ зурж баталгаажуулна. Өргөдлөө компьютерээр бичиж болно.

ГУРВАН ҮЕИЙН НАМТАР

Намтарт ЭЦГИЙН ТАЛЫН өвөг эцэг, эмэг эх, эцэг эх, өөрийн болон эхнэр /нөхөр/-ийн ийн намтрыг бичнэ.
Намтрыг бичихдээ Монгол Улсын харьяатаас гарах хүсэлт гаргагч /овог, нэр/ миний гурван үеийн намтар гээд 1-д өвөг эцэг, эмэг эхийнхээ 2-т эцэг, эхийн, гуравт өөрийнхөө эхнэр/нөхрийн намтрыг бичиж, хамгийн сүүлд “Гурван үеийн намтраа үнэн зөв бичсэн” гээд овог, нэрээ бичиж, гарын үсгээ зурж баталгаажуулна. Гурван үеийн намтар хэд хэдэн хуудас болж байгаа бол хуудас тус бүрийн доор гарын үсгээ зурж баталгаажуулна.

МЭДҮҮЛГИЙН ХУУДАС

Монгол Улсын харьяатаас гарах хүсэлт гаргагчийн мэдүүлгийн асуулт бүрийг товч, тодорхой хариулж бичнэ. Хуудас бүрийн баруун доод өнцөгт гарын үсгээ зурж баталгаажуулна.

ИРГЭНИЙ БАРИМТ БИЧГИЙН НОТАРИАТААР БАТЛУУЛСАН ХУУЛБАР.

Төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх, гадаад паспорт, 16 хүртэл насны хүүхэдтэй бол хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэлийн гэрчилгээ, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа, гэрлэлт цуцлуулсан бол холбогдох байгууллагуудын шийдвэр.

ЭХНЭР, НӨХӨР-ИЙН ЗӨВШӨӨРӨЛ

Таныг Монгол Улсын харьяатаас гарахад татгалзах зүйлгүй гэсэн агуулга бүхий зөвшөөрлийг гараар нь бичүүлж, иргэний үнэмлэхийг нь хуулбарлан хавсаргаж, нотариатаар батлуулсан байна. Нас барсан бол УБЕГ-аас НАС БАРСНЫ ТОДОРХОЙЛОЛТ–ыг хавсаргана. Хэрвээ нөхөр /эхнэр/ нь гадаад улсын иргэн бол өргөдлийг тухайн улсын хэл бичиж, монгол хэл рүү орчуулуулсан байна.

ХҮҮХДИЙН ХАМТ МОНГОЛ УЛСЫН ХАРЬЯАТААС ГАРАХ БОЛ

16 ХҮРТЭЛ насны хүүхдийн ЭЦЭГ ЭХИЙН ХАРИЛЦАН БИЧГЭЭР ТОХИРОЛЦСОН ЗӨВШӨӨРЛИЙН нотариатаар гэрчлүүлсэн хувь, 16-ААС 18 настай бол хүүхдийн БИЧГЭЭР ГАРГАСАН ЗӨВШӨӨРЛИЙН нотариатаар гэрчлүүлсэн хувийг төрсний гэрчилгээ, гадаад паспорт, цахим иргэний үнэмлэх /16 насанд хүрсэн тохиолдолд/-ийн нотариатаар гэрчлүүлсэн хувийн хамт бүрдүүлнэ.

ӨР ТӨЛБӨР, НЭХЭМЖЛЭЛГҮЙ БОЛОХ ТАЛААР ДАРААХ БАЙГУУЛЛАГУУДААС ГАРГАСАН ТОДОРХОЙЛОЛТ:

-Давж заалдах шатны Шүүхийн тодорхойлолт /Шүүхийн төрөлжсөн архиваас иргэний хэрэгт хариуцагчаар оролцоогүй, эрүүгийн хэрэгт ял шийтгэгдэж байгаагүй болохыг тодорхойлсон байна/
-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тодорхойлолт
-Оршин сууж байсан дүүргийн татварын байгууллагын тодорхойлолт
-БСШУЯ-ны сургалтын төрийн сангийн тодорхойлолт

УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖ

25000 вон

ГЭРЭЛ ЗУРАГ 

4х6 хэмжээтэй цээж зураг 3 хувь

ХОЁР. СОЛОНГОСЫН ТАЛААС

СОЛОНГОСЫН ТАЛААС БҮРДҮҮЛСЭН МАТЕРИАЛУУДЫГ АЛБАН ЁСНЫ ЭРХ БҮХИЙ ОРЧУУЛГЫН ТОВЧООГООР МОНГОЛ ХЭЛНЭЭ ХӨРВҮҮЛЖ, ОРЧУУЛГЫН ХАМТ НОТАРИАТААР БАТЛУУЛСАН БАЙНА.

-법무부 귀화 허가 통지서 ХЗЯ-ны БНСУ-ын харьяалал олгосон зөвшөөрлийн бичиг
-기본 증명서 Үндсэн тодорхойлолт
-가족관계 증명서 Гэр бүлийн тодорхойлолт
-혼인관계 증명서 Гэрлэлтийн тодорхойлолт
-주민 등록표-등본   Иргэний үнэмлэхний тодорхойлолт
-세목별 과세, 납세 증명서 Татвар төлсөн тухай тодорхойлолт
-재직 증명서 및 재학 증명서 Ажлын газрын эсхүл суралцаж буй тухай тодорхойлолт
-최근 6개월간 소득 금액 증명서 Сүүлийн 6 сарын орлогын тодорхойлолт
-등기 사항 전부 증명서 Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ эсхүл  түрээсийн гэрээ