images

“5.18 ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭХ АРГА ХЭМЖЭЭ”-НД УИХ-ЫН ДЭД ДАРГА, ЦАГААТГАХ АЖЛЫГ УДИРДАН ЗОХИОН БАЙГУУЛАХ УЛСЫН КОМИССЫН ДАРГА Б.ПҮРЭВДОРЖ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ ХАМТ ОРОЛЦЛОО

Үйл явдлын мэдээ

2025-05-19

4

Бүгд Найрамдах Солонгос Улсын Гванжү хотод 2025 оны 5 дугаар сарын 17-18-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “5.18 Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх арга хэмжээ”-нд Монгол Улсын Их Хурлын Дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Б.Пүрэвдорж тэргүүтэй төлөөлөгчид болон Консул Ц.Жадамбаа, Дэд консул Б.Билэгсайхан нар оролцов.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг энэхүү арга хэмжээ нь БНСУ-ын төр, засгийн зүгээс онцгойлон ач холбогдол өгдөг, өндөр зохион байгуулалттай хүндэтгэлийн арга хэмжээ бөгөөд энэ удаад БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг тэргүүтэй парламентын гишүүд, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй намуудын нэр дэвшигчид, иргэдийн төлөөлөл зэрэг 100,000 гаруй хүн оролцсон өргөн хүрээтэй үйл ажиллагаа боллоо.

Монгол Улсаас оролцож буй төлөөлөгчид “Гванжүгийн 5.18” Хэлмэгдэгсдийн дурсгалын цогцолборт зохион байгуулагдсан албан ёсны арга хэмжээнд оролцож, цэцэг өргөн, ардчиллын төлөө амь үрэгдсэн хэлмэгдэгсдийн гэгээн дурсгалыг хүндэтгэв. Мөн Дурсгалын музейн үйл ажиллагаатай танилцаж, цаашид Монгол Улсаас тус музейд бие даасан үзэсгэлэн гаргах, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах боломжийн талаар музейн удирдлагуудтай УИХ-ын Дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Б. Пүрэвдорж санал солилцсон юм.

1980 оны 5 дугаар сарын 18-нд БНСУ-ын Гванжү хотод эхэлсэн ардчиллын төлөөх хөдөлгөөн нь тухайн үеийн цэргийн дэглэмийн эсрэг ард иргэдийн тайван жагсаалаар эхэлж, улмаар харгис хүчээр дарагдан, олон зуун хүн амь үрэгдэж, мянга гаруй хүн шархадсан эмгэнэлт үйл явдал болон түүхэнд үлдсэн билээ. Энэ хөдөлгөөн нь БНСУ-ын ардчиллын түүхэн дэх хамгийн том эрсдэл, хамгийн хүчтэй тэмцлийн нэг байжээ.