images

УМАРД КЁНСАН МУЖИЙН ХОРИХ АНГИЙН УДИРДЛАГАТАЙ УУЛЗАЖ, МОНГОЛ УЛСЫН ИРГЭНЭЭ БИЕЧЛЭН ЭРГЭЖ, ИРГЭНИЙХЭЭ ЭРХ, АШГИЙГ ХАМГААЛАХ ЧИГ ҮҮРГЭЭ ХЭРЭГЖҮҮЛЛЭЭ.

Үйл явдлын мэдээ

2025-12-22

13

Гадаадад ажиллаж, амьдарч буй Монгол Улсын иргэдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах чиг үүргийн хүрээнд Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консул Ц.Жадамбаа, Дэд консул Б.Билэгсайхан нар Умард Кёнсан мужийн харьяа хорих ангид ял эдэлж буй Монгол Улсын иргэнийг биечлэн эргэж, тухайн иргэний хоригдож буй орчин нөхцөл, хууль эрх зүйн байдалтай газар дээр нь танилцан, иргэний зүгээс тавьсан зарим хүсэлт, саналыг холбогдох байгууллагуудтай хамтран шийдвэрлэн ажиллав.

Мөн энэ үеэр Консул Ц.Жадамбаа Санжү хотын хорих ангийн дарга Сун Жэ Ёл-той уулзалт хийж, хорих ангийн дотоод зохицуулалтын хүрээнд тухайн иргэний хөдөлмөр эрхлэх боломж, нөхцөлийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахыг хүсэв. Тэрбээр хөдөлмөр эрхлэх нь ял эдэлж буй иргэний нийгэмшил, сэтгэл зүйн тогтвортой байдлыг хангах, цаашдын нийгэмд дахин дасан зохицоход чухал ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэлээ.

Түүнчлэн 2024 онд батлагдсан “Ялтан шилжүүлэх тухай” холбогдох захирамжийн дагуу уг оноос эхлэн БНСУ-ын ХЗЯ-аас гэмт хэрэгт холбогдсон гадаадын иргэдийг олон улсын хорих ангид бус, тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн бүс нутгийн дотоодын хорих ангид ял эдлүүлэх журам хэрэгжиж эхэлсэн.

БНСУ-д ажиллаж, амьдарч буй Монгол Улсын иргэд санаатай болон санамсаргүй байдлаар гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэхэд онцгой анхаарах шаардлагатайг анхааруулж байна. Ялангуяа архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үед маргаан, зөрчил үүсэх, бусдын биед халдах зэрэг гэмт хэргийн шинжтэй үйлдэлд өртөх эрсдэл эрс нэмэгддэг тул өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж, хууль тогтоомжийг чанд мөрдөхийг уриалж байна. Та өөрийн өмнөө тавьсан зорилгоо умарталгүй суугаа орныхоо хууль, журмыг хүндэтгэн сахин биелүүлж, эх орондоо буцаарай!