images

ПУСАНЫ ОЛОН УЛСЫН КИНО НААДМЫН ТӨВ КИНО ОРДОНД “МОНГОЛЫН КИНО ӨДРҮҮД-26” 2026 ОНЫ 4-Р САРЫН 16-19 ӨДРҮҮДЭД ЗОХИОН БАЙГУУЛАХААР ТАЛУУД САНАЛ СОЛИЛЦЛОО.

Үйл явдлын мэдээ

2025-12-15

18

Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консул Ц.Жадамбаа Пусан хотын захиргааны харьяа Пусан хотын Кино ордны дарга Гу Ин Бомтой албан уулзалт хийв. Уулзалтаар Монгол Улс, БНСУ-ын соёлын солилцоог өргөжүүлэх, ирэх жил зохион байгуулах “Монгол кино өдрүүд” фестивалийн бэлтгэл, хамтын ажиллагааны чиглэлийн талаар санал солилцов.

Талууд 2026 оны 4-р сарын 16-наас 19-ний өдрүүдэд “Монгол кино өдрүүд” фестивалийг гурав дахь удаагаа хамтран зохион байгуулахаар тохиролцлоо. Уг арга хэмжээг Консулын газар, Ханнарэ соёлын сан, Пусан хотын Кино ордон болон Монголын Үндэсний кино урлагийн зөвлөлтэй хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд Монголын кино урлагийг олон улсын үзэгчдэд хүргэх, хоёр улсын найрсаг харилцааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ юм.

Пусан хотын Кино ордон нь Пусан Олон Улсын Кино Наадмыг зохион байгуулах үндсэн чиг үүрэгтэй бөгөөд уран сайхны киноны үзвэр, соёл урлагийн тоглолт, үзэсгэлэн, фестиваль зэрэг олон төрлийн арга хэмжээг жилийн турш тогтмол зохион байгуулдаг. Жил бүр Энэтхэг, Япон, Монгол зэрэг улс орнуудын кино өдөрлөг, хүүхэд багачуудад зориулсан кино наадам зэрэг олон улсын болон орон нутгийн шинжтэй арга хэмжээг нэмэлтээр зохион байгуулж, нийтдээ жилд дунджаар 7000 орчим кино үзвэр, 2000 гаруй соёлын арга хэмжээг бие даан болон хамтран хэрэгжүүлдэг байна.

Консулын газар цаашид Пусан хот болон БНСУ-ын соёлын байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлж, Монголын соёл, урлагийг олон улсад сурталчлах чиглэлд тогтвортой хамтарч ажиллахаа илэрхийллээ.