images

МОНГОЛЫН УРАН САЙХНЫ КИНОГ 2026 ОНЫ 01-Р САРААС ONN TV-Р ЦУВРАЛААР ГАРГАХ, МОНГОЛ УЛСЫН СОЁЛ, УРЛАГИЙГ СУРТАЛЧЛАХ САНАМЖ БИЧИГТ ТАЛУУД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА.

Үйл явдлын мэдээ

2025-12-11

21

Монгол Улсын түүх, аялал жуулчлал, кино урлаг болон соёлын солилцоог гадаад улсад сурталчлах зорилтын хүрээнд Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консулын газар болон ONN Группын харьяа ONN кабелийн сувгийн хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах арга хэмжээ 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр боллоо.

Санамж бичигт ONN Группын захирал Жон Гын, Консул Ц.Жадамбаа нар гарын үсэг зурлаа.

Энэхүү санамж бичиг нь Монголын соёл, урлаг, ялангуяа кино урлагийг гадаад улсад сурталчлах шинэ боломжийг нээж буйгаараа онцлог юм. Санамж бичгийн хүрээнд Монголын кино төсөл, соёлын контентыг ONN Групп өөрийн кабелийн болон медиа сувгуудаараа үнэ төлбөргүйгээр дамжуулан олон нийтэд хүргэх нөхцөл бий болж байна.

Энэхүү хамтын ажиллагаа нь хоёр улсын соёлын солилцоог өргөжүүлэхийн зэрэгцээ Монголын кино урлагийг БНСУ-д түгээн дэлгэрүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм.

Санамж бичгийн дагуу 2026 оны 01 дүгээр сараас эхлэн “Монголын кино өдрүүд”-д танилцуулагдсан Монгол Улсын 6 уран сайхны кино БНСУ-ын үзэгчдэд цувралаар хүрэх бөгөөд уг контентыг дамжуулан хүргэх ONN кабелийн суваг нь орон даяар 3 сая орчим үзэлттэй тул Монголын кино урлагийг өргөн хүрээнд сурталчлах боломж бүрдэж байна.