МОНГОЛЫН ТАЛ НУТГААС 14 ХОНОГ 3000 КМ ТУУЛАН ИРСЭН ДЭЛХИЙГ АНАГААГЧ ТАС ШУВУУНЫ ӨДӨРЛӨГТ ОРОЛЦЛОО.
Өмнөд Кёнсан мужийн Гусон сумын захиргаанаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Тас шувууны өдөр” арга хэмжээнд Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консул Ц.Жадамбаа оролцов.

Жил бүр дунджаар 2000 орчим тас шувуу БНСУ-ыг зорин ирдэг бөгөөд тэднээс 800 орчим нь Гусон суманд тогтмол ирж өвөлждөг болсон бөгөөд энэ тоо жилээс жилд өсөж байна.
Нээлтийн үйл ажиллагаанд БНСУ-ын Парламентын гишүүн Жон Жом Шиг, Гусон сумын Засаг дарга И Сан Гын, ИТХ-ын дарга Чуй Ыл Сог , тухайн бүс нутгийн иргэд болон Солонгос Улсад амьдарч буй Монгол иргэд оролцов.

Арга хэмжээний үеэр Монголын уламжлалт урлагийн тоглолт, Монголоос ирсэн тас шувууг хооллох ёслол, Монгол үндэсний хоол танилцуулах зэрэг үйл ажиллагаа зохион байгуулагдаж, нийт 300 гаруй иргэд, жуулчид үзэж сонирхов.

Арга хэмжээний үеэр Консул Ц.Жадамбаа хэлсэн үгэндээ “Хэдийгээр Монгол тас шувуу гэж бид хэлж байгаа ч энэ шувууд бол мөн л Гусон нутгийн шувуу юм. Дэлхий дээр бид хэл, хил, соёлоор хязгаарлагддаг ч нэг л ертөнцтэй. Энэхүү тас шувуу ч мөн адил Дэлхий хэмээх нэг л гэртээ нүүдэллэн амьдарч байгаа нь энэ. Эх Дэлхийдээ нэгэн гэр бүл мэт хамтдаа эв найртай амьдрах нь бидний үүрэг. Эрхэм хүндэт зочдоо хүж Дэлхийдээ манай хоёр улсын иргэд эвтэй найртай, ахан дүүс шиг мөнхөд жаргалтай амьдарцгаая” хэмээн онцлов.
Тас шувуу нь ан хийдэггүй, зөвхөн үхсэн амьтны сэгээр хооллож байгаль экологийг цэвэрлэх чухал үүрэгтэй тул “Дэлхийг анагаагч” хэмээн нэрлэгддэг байна. Монгол тас шувуу нь Монгол Улсаас 3000 гаруй км замыг 14 хоногийн турш тасралтгүй нүүдэллэн туулж БНСУ-д ирдэг онцгой нүүдэлчин шувуу юм.