СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЗДТГ-Н ЗАХИАЛГААР БЭЛТГЭГДЭЖ БУЙ ИРЭЭДҮЙН ИНЖЕНЕР ЗАЛУУСТ ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, АМЖИЛТТАЙ СУРАЛЦАХ ТАЛААР УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ХИЙЛЭЭ.
Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консул Ц.Жадамбаа Кённам мэдээлэл технологийн коллежид суралцаж буй Монгол оюутнуудтай сургуулийн байранд уулзалт хийв.
Уулзалтад тус сургуулийн Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Юун Ил, Олон улсын хамтын ажиллагаа хариуцсан дарга Ким Хун Гил, Гадаад оюутан хариуцсан ажилтан А.Отгонбаяр нар оролцов.

Консул Ц.Жадамбаа уулзалтын эхэнд сургуулийн захирал Ким Тэ Сантай уулзаж, Монгол оюутнуудын сурч амьдрах нөхцөл байдал, цаашдын элсэлтийн хамтын ажиллагаа, цагийн ажил хийх боломж болон холбогдох асуудлаар санал солилцов.
Мөн хэлний бэлтгэл болон бакалаврт суралцаж буй 40 гаруй Монгол оюутанд БНСУ-д удаан хугацаагаар амьдарч суралцах үед тулгардаг сэтгэлзүйн бэрхшээлийг даван туулах зөвлөгөө өгч, хууль дүрэм зөрчих эрсдэлтэй нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэхийг анхааруулав. Тухайлбал, санхүүгийн гэмт хэрэгт холбогдохоос болгоомжлох, хаягдсан цахилгаан бараа зэрэг эд зүйлсийг зөвшөөрөлгүй авах нь хулгайн гэмт хэрэгт тооцогддог болохыг санууллаа. Мөн унадаг дугуй, скүүтерээр зорчих нь нэмэгдэж буйтай холбогдуулан эдгээр нь БНСУ-ын хуулиар тээврийн хэрэгсэлд тооцогддог тул хамгаалалтын хэрэгсэлтэй, замын хөдөлгөөний дүрмийг чандлан мөрдөх шаардлагатайг онцлов.

Уулзалтын төгсгөлд Консул Ц.Жадамбаа оюутнуудад хичээл сурлагадаа анхааран, ирсэн зорилгоо амжилттай хэрэгжүүлэхийг уриалахын зэрэгцээ шаардлагатай үед Консулын газрын шуурхай утсаар холбогдон зөвлөгөө, тусламж авах боломжтойг хэлэв.