ЧИНГИС ХААН ОДОНТ “МОРИН ХУУРЫН ЧУУЛГА” БНСУ-Д БҮРЭН БҮРЭЛДЭХҮҮНЭЭРЭЭ АМЖИЛТТАЙ ТОГЛОВ.
“МАМФ 2025” олон соёлт гадаад иргэдийн наадам энэ оны 10 дугаар сарын 24–26-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Солонгос Улсын Чанвон хотноо амжилттай зохион байгуулагдаж, Монгол Улс тус наадмын гол нэрийн орноор оролцлоо.
Энэхүү арга хэмжээний хүрээнд Монгол Улсын Соёлын элч, Чингис хаан одонт “Морин хуурын чуулга” хоёр өдрийн турш Чанвон хотын Их театрын тайзнаа уран бүтээлийнхээ шилдэг сор, үндэсний өв соёлыг илтгэх бүтээлүүдийг толилуулсан юм.

Арга хэмжээний нээлтэд Өмнөд Кёнсан мужийн Засаг дарга Пак Ван Сү, Чанвон хотын дарга Жан Вон Гим, Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайд С.Сүхболд, Консул Ц.Жадамбаа нар оролцсон бөгөөд Элчин сайд С.Сүхболд тоглолтыг нээж үг үг хэлэв.
Монголын уламжлалт хөгжим, дуу хуурын гайхамшгийг дэлхий дахинд сурталчлагч энэхүү томоохон бүрэлдэхүүнтэй чуулга уг наадамд оролцсоноор 20 дахь жилдээ зохион байгуулагдаж буй наадмын арга хэмжээнд шинэ өнгө, уур амьсгал нэмж, Монгол, Солонгос болон бусад орны үзэгчдийн талархлыг хүлээлээ.

Мөн тоглолтын үеэр Монгол, Солонгосын уран бүтээлчдийн хамтарсан үзүүлбэрүүдийг толилуулсан нь хоёр улсын соёлын харилцаа, уран бүтээлийн хамтын ажиллагааг харуулсан онцлох мөчүүдийн нэг боллоо.