УЛААНБААТАР БОЛОН ПУСАН ХОТУУДЫН ХАРИЛЦААГ ШИНЭ ШАТАНД ГАРГАЖ, ТОДОРХОЙ САЛБАРУУДАД ЧИГЛЭН АЖИЛЛАХААР ТАЛУУД САНАЛ СОЛИЛЦЛОО.
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын (НИТХ) дарга А.Баяр тэргүүтэй төлөөлөгчид БНСУ-ын Пусан хотод албан айлчлал хийлээ. Айлчлалын хүрээнд 2024 оны 5 дугаар сард Улаанбаатар болон Пусан хотын ИТХ-ын хооронд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хэрэгжилтийг хангах, хоёр хотын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр дараах уулзалтууд зохион байгуулагдав. Үүнд:
Пусан хотын Худалдаа, аж үйлдвэрийн танхимд уулзалт зохион байгуулж, ЖДҮ эрхлэгчдийн хамтын ажиллагаа, экспорт, бүтээгдэхүүн солилцооны талаар санал солилцов.
Пусан хотын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай албан уулзалт хийж, хоёр хотын ИТХ-ын харилцааг бэхжүүлэх, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх чиглэлээр хэлэлцэв.
Пусан хотын Эрүүл мэндийн төвд зочлон, нийтийн эрүүл мэндийн стратеги, эмч мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулах талаар хүсэлт тавив.
Пусан хотын концертын танхимд зочилж, “Улаанбаатарын соёлын өдөрлөг”-ийг зохион байгуулах саналыг танилцуулав.
Замын хөдөлгөөний мэдээлэл үйлчилгээний төвийн үйл ажиллагаатай танилцан, хөдөлгөөний ухаалаг зохион байгуулалтын туршлагыг судлав.
Айлчлалын үеэр НИТХ-ын дарга А.Баяр Пусан хотын ИТХ-ын дарга Ан Сон Мин-ыг 2026 оны 1 дүгээр сард Улаанбаатар хотод айлчлахыг урив. Айлчлал амжилттай зохион байгуулагдаж, хоёр хотын хамтын ажиллагааг улам сайжруулах чиглэлээр харилцан санал солилцов.