images

КИМХЭ ХОТЫН ГАДААДЫН ИРГЭДИЙГ ДЭМЖИХ ТӨВИЙН ДЭРГЭД МОНГОЛ ИРГЭДЭД ЗОРИУЛСАН ДЭМЖИХ ТӨВИЙН НЭЭЛТЭД ОРОЛЦЛОО.

Үйл явдлын мэдээ

2025-10-20

9

Өмнөд Кёнгсан мужийн Кимхэ хотын Бүнсон дүүрэгт байрлах Гадаадын иргэдийг дэмжих төвийн дэргэд Монгол иргэдэд зориулсан дэмжих төв албан ёсоор нээж, арга хэмжээнд Дэд консул Б. Билэгсайхан оролцлоо. Энэхүү төвийг БНСУ-ын Пусан хотод үйл ажиллагаа явуулдаг Сүёнру христийн чуулганы итгэгчдийн дэмжлэгтэйгээр байгуулсан бөгөөд тус төв нь БНСУ-д ажиллаж, амьдарч буй Монгол иргэдийн нийгмийн хэрэгцээ, соёлын өвийг хадгалах чиглэлээр үйл ажиллагаа явуулах юм.

Тус төв нь цаашид монгол иргэд, ялангуяа бага насны хүүхдүүдэд зориулсан хэл, соёлын хөтөлбөр, сургалт, дугуйлан зохион байгуулахаас гадна гадаад орчинд тулгардаг нийгмийн болон эрх зүйн бэрхшээлийг шийдвэрлэхэд чиглэсэн зөвлөгөө, мэдээллийн үйлчилгээг тогтмол үзүүлж ажиллах зорилготой байна.

Нээлтийн үеэр Дэд консул Б. Билэгсайхан төвийг байгуулахад бодитой дэмжлэг үзүүлж, тусалсан Сүёнру чуулганы хамт олон болон ивээн тэтгэгчдэд талархал илэрхийлж, Монгол иргэдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэхэд чухал алхам болсныг онцолсон юм.

Арга хэмжээнд Монгол Улсаас гадна Непал, Мьянмар, Узбекистан зэрэг улс орны 100 гаруй гадаадын иргэн хүрэлцэн ирсэн бөгөөд зочдод морин хуурын үзүүлбэр толилуулж, соёлын өв, онцлогийг нь таниулах үйл ажиллагаа зохион байгуулагдав.