images

ЖУСОНЫ ИХ СУРГУУЛИЙН ОЮУТНУУДТАЙ УУЛЗАЖ, СУРЛАГЫН ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЧ, ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТАЛААР ЗӨВЛӨГӨӨ ӨГЛӨӨ.

Үйл явдлын мэдээ

2025-10-13

9

Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консул Ц.Жадамбаа Гуанжү хотын Жусоны их сургуулийн профессор Ким Хён Ү болон тус сургуулийн Монгол оюутнуудын төлөөлөлтэй уулзалт зохион байгууллаа.

Уулзалтын үеэр Консул Ц.Жадамбаа БНСУ-д суралцаж байсан өөрийн туршлагаа хуваалцаж, Монгол оюутнуудын дунд “Судалгааны зөвлөл” байгуулах хэрэгцээ, ач холлбогдлыг онцлов. Тэрбээр уг зөвлөл нь Монгол Улсын хөгжлийн бодлоготой уялдсан судалгааны ажлуудыг хэрэгжүүлж, үр дүнг холбогдох байгууллагуудад хүргэхээс гадна ирээдүйн чадварлаг мэргэжилтнүүдийг бэлтгэх суурь болох боломжтойг дурдав.

Мөн урт хугацаагаар суралцаж буй оюутнуудын дунд сэтгэл зүйн дарамт, мэдээлэл дутмаг байдлаас үүдэн санаандгүйгээр хууль зөрчих, гэмт хэрэгт холбогдох эрсдэл байгааг анхааруулж, мэдээлэлтэй, хариуцлагатай байхыг зөвлөв.

Тэрбээр сүүлийн үед оюутнуудын өргөнөөр ашиглаж буй скүүтер, дугуй зэрэг тээврийн хэрэгслийг унаж явахдаа БНСУ-ын замын хөдөлгөөний дүрмийг чандлан мөрдөж, аюулгүй байдлаа бүрэн хангахыг анхааруулав.

Уулзалтын төгсгөлд Консул Ц.Жадамбаа оюутнуудад хандан сурсан мэдлэг, туршлагаа эх орныхоо хөгжилд зориулж, ирээдүйд Монгол улсдаа очиж ажиллан, хувь нэмрээ оруулахыг уриалав. Арга хэмжээнд Жусоны их сургуульд суралцаж буй 50 гаруй оюутан оролцсон юм.