ПУСАН ХОТЫН ГЛОБАЛ ХОТУУДЫН САНГИЙН ЕВРО-АЗИЙН ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БАГ УЛААНБААТАР ХОТОД АЙЛЧИЛНА.
БНСУ-ын Пусан хотын Глобал хотуудын сангийн Евро-Азийн Олон Улсын хамтын ажиллагааны багийг үдэн гаргах ёслолын арга хэмжээ 2025 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Пусан хотын захиргааны байранд зохион байгуулагдлаа.
Уг арга хэмжээнд Монгол Улсаас БНСУ-ын суугаа Пусан хотод Консул Ц.Жадамбаа уригдан оролцож, үг хэлэв. Тэрбээр үгэндээ Монгол Улс болон БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой энэ онд тохиож буйтай зэрэгцэн Пусан хотын Глобал хотуудын сангийн Евро-Азийн Олон Улсын хамтын ажиллагааны баг Улаанбаатар хотод айлчилж байгаа нь хоёр хотын найрсаг харилцааг улам бататгаж байгаагийн илрэл мөн хэмээн дурдав.
БНСУ-ын Пусан хотын Глобал хотуудын сангийн Евро-Азийн Олон Улсын хамтын ажиллагааны баг нь 2025 оны 9 дүгээр сарын 10 – 25-ны хооронд Бээжин, Улаанбаатар Алматы, Истанбул, Берлин гэх 5 хотоор нийт 16 өдрийн турш бүс нутгийн ААН, мэргэжилтнүүдийн гадаадын зах зээлд гарах боломжийг дэмжих, тогтвортой хот хоорондын дипломат үйл ажиллагаагаар дамжуулан Пусан хотын хамтын ажиллагаат түнш хотуудыг нэмэгдүүлэх зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилготой.
Тус баг нь Улаанбаатар хотод 9 дүгээр сарын 13-15-ны хооронд айлчлах ба Пусан хотын их, дээд сургуульд суралцах боломжийг танилцуулах өдөрлөг болон цэцэрлэгийн орчныг сайжруулах ажлаар дамжуулан боловсрол, байгаль орчны салбарын хамтын ажиллагааны хүрээг өргөжүүлэх зорилгоор Улаанбаатар хотын захиргаа, СХД-ийн 26, 215 болон 241-р цэцэрлэгүүдээр зочлох юм.
Үдэлтийн арга хэмжээнд Пусан хотын ИТХ-ын Дарга Ан Сон Мин, Пусан хотын Орлогч дарга И Жүн Сын, Пусан хотын Иргэдийн төлөөлөгч Хван Сог Чил болон БНХАУ-аас Пусан хотод суугаа Ерөнхий Консул Чэн Ри Бао, Бүгд Найрамдах Казахстан Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Ерөнхий Консул Аслан М.Аскар нар оролцлоо.