MIGRANTS’ ARIRANG MULTICULTURAL FESTIVAL-2025 /MAMF/ -н ЭРИЙН ГУРВАН НААДАМ 10-Р САРЫН 26 ӨДӨР БОЛНО.
Монгол Улс болон БНСУ-ын хооронд Дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой, Migrants’ Arirang Multicultural Festival /MAMF/-ийн үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойн Олон Улсын наадамд Монгол Улс гол нэрийн орноор оролцож байна.
Тус Олон Улсын наадамд Дэлхийн 20 гаруй орон оролцож өөрийн үндэсний соёл, уламжлал, зан заншил, үйлдвэрлэл гээд бүхий л онцлог, давуу талаа танилцуулдаг бөгөөд 300,000 гаруй хүн оролцдог том наадам юм. Монгол Улсын хувьд энэ жил гол нэрийн орон болж сонгогдсон бөгөөд Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд С.Сүхболдоор ахлуулсан ажлын хэсэг бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Энэхүү ОУ-ын наадам нь 2025 оны 10-р сарын 24,25,26 өдрүүдэд Өмнөд Кёнсан аймгийн Чангвон хотын Юунжи цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулагдана.
Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консулын газар энэхүү наадамд Эрийн Гурван наадмын зохион байгуулалтыг хариуцан ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн Ням гарагт ажлын хэсгийн ахлагч Консул Ц.Жадамбаа болон MAMF-2025 ОУ-ын наадмын зохион байгуулах багийн дарга Жан Дэ Гүн, MAMF ОУ-ын наадмын Монгол багийн Ерөнхий зохион байгуулагч Н.Мөнхзаяа, БНСУ дах ”Манлай Монгол Хүчтэн” Монгол Үндэсний Бөхийн салбар холбооны Ерөнхий менежер С.Доржпүрэв, Монгол Шагайн Холбооны Кённам аймгийн төлөөлөгч Ц.Энхтөгс нар наадам зохион байгуулагдах Өмнөд Кёнсан аймгийн Чангвон хотын Юунжи цэцэрлэгт хүрээлэнд ажиллаа.
Migrants’ Arirang Multicultural Festival – 2025 /MAMF/-ийн Эрийн Гурван наадам 2025 оны 10-р сарын 26-ний өдөр зохион байгуулагдахаар бэлтгэл ажилдаа орсон бөгөөд нийт улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 64 бөхийн барилдаан, шагайн харваа, нум сум харваа, бяцхан хүүхдийн уралдаан болно. Үүний зэрэгцээ энэхүү наадам Өмнөговь аймгийн Даланзадгад хот болон Хэнтий аймгийн “Хан Хэнтий” чуулга, хүчит бөхчүүд, уран дархнууд болон бусад олон салбарын төлөөлөл оролцох юм. Уригдан оролцож буй аймгууд нь аймаг бүрийнхээ түүх, соёл хийгээд онцлогоо сурталчлахын зэрэгцээ наадам сонирхогч олон улсын иргэдэд Монголынхоо аялал жуулчлалыг сурталчлах чухал үүргийг хүлээж буйгаараа онцлог юм.