images

ЖИНЖҮ ХОТЫН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУРШЛАГЫГ СОЛИЛЦОХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО.

Үйл явдлын мэдээ

2025-06-25

22

Консул Ц.Жадамбаа Жинжү хотын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төвийн дарга Пак Чол Су-тай тус төвийн байранд уулзалт хийж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах, нийгмийн оролцоог нь нэмэгдүүлэх чиглэлээр туршлага солилцох, хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцов.

Жинжү хот нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, нийгмийн харилцаанд идэвхтэй оролцоог хангах чиглэлээр олон талт бодлого хэрэгжүүлдэг бөгөөд энэ хүрээнд хөдөлгөөн заслын болон дэмжих төвүүдийг амжилттай ажиллуулж буй туршлагатай юм.

Уулзалтын үеэр талууд Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан ижил төстэй төвүүд байгуулахтай холбогдуулан Жинжү хотын туршлага, төвийн барилга байгууламжийн зохион байгуулалт, үйл ажиллагааны онцлогтой танилцаж, холбогдох мэргэжилтнүүдийн харилцан айлчлал зохион байгуулах боломжийн талаар ярилцав. Мөн энэ хүрээнд судалгаа, шинжилгээний ажил болон төслийн бичиг баримтын боловсруулалтыг 2025 ондоо багтаан эхлүүлэх зорилт тавьж байгаагаа илэрхийлж, тус төвийн зүгээс дэмжлэг үзүүлэхийг хүсэв.

Жинжү хотод нийтдээ 18,000 хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүртгэлтэй байдаг бөгөөд тэдэнд зориулсан 17 дэмжих төв тогтмол үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр төвүүдийг цаг үеийн шаардлагад нийцүүлэн хөгжүүлэх, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг тэрээр онцлоод, цаашид Монгол Улсын холбогдох байгууллагуудтай тогтвортой хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.