КОНСУЛЫН ГАЗРЫН ДЭРГЭД СУДАЛГААНЫ ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАХ АЖИЛ ҮЕ ШАТТАЙГААР ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ
Залуу судлаачдын Мишээл хүрээлэнгийн “IX удаагийн Олон улсын эрдэм шинжилгээний хурал” амжилттай зохион байгуулагдлаа. Хурлын зочин илтгэгчээр Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консул Ц.Жадамбаа оролцож, “Судлаачдын үүрэг үндэсний хөгжилд: БНСУ-ын кейс судалгаа” сэдвээр илтгэл тавив.
Тэрээр илтгэлдээ хөгжингүй орнуудын бодлого төлөвлөлт судалгаанд тулгуурладаг, БНСУ нь судалгааны байгууллага, их сургуулиудын хамтын ажиллагаанд суурилсан тогтолцоог хөгжүүлж чадсан сайн жишээ болохыг онцлов. Мөн судалгаанд суурилсан мэдлэг, дата баазыг хөгжүүлснээр оюуны үнэлэмж нэмэгддэгийг дурдсан юм.
Хурлын хүрээнд Монгол, Солонгос, Хятад зэрэг 5 улсын 56 илтгэл хэлэлцэгдсэнээс 15 илтгэл танхимаар, бусад нь онлайнаар явагдсан ба судлаачид салбар бүрийн тулгамдсан асуудал, гарц шийдлийг хэлэлцсэнээрээ онцлог байв. Арга хэмжээнд МУИС, МУБИС, ШУТИС, ХААИС зэрэг Монголын их сургуулиуд болон БНСУ-ын Гёонгсан Үндэсний их сургуулийн судлаачид оролцлоо.
Консул Ц.Жадамбаа цаашид Монгол, БНСУ-ын их сургуулиудын хамтын ажиллагааг дэмжих, судлаачдын нийгмийн баталгааг сайжруулах, Пусан хот дахь судлаачдын зөвлөлийг байгуулан Залуу судлаачдын Мишээл хүрээлэнтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.
Консул Ц.Жадамбаа нь 2025 оны 3 дугаар сард оюутан, залуу судлаачидтай хийсэн уулзалтын үеэр Консулын газрын дэргэд судлаачдын төв байгуулах санаачилга дэвшүүлж, энэ чиглэлд хамтран ажиллах боломжийг хэлэлцсэн бөгөөд уг ажлын хүрээнд энэхүү эрдэм шинжилгээний хуралд оролцож, залуу судлаачидтай биечлэн уулзан, санал бодлоо солилцсон юм.